Ахмад настнууд өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсаар байгаа билээ. Тэгвэл өнөөдөр (2026.02.11) Монголын ахмадын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ахмадуудын төлөөлөл “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир ахмадуудтай уулзсан гэж худлаа ярихаа болимоор байна. Ахмад настнуудыг хуурч, тоглоом хийдэг байдлыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бид илүү олуулаа болж, эцсээ хүртэл тэмцэнэ” гэлээ.
Энэ удаа ахмадууд дараах дөрвөн шаардлагыг тавьж байгаа бөгөөд үүнд:
- Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх,
- Цэргийн, нийгмийн даатгалын, халамжийн тэтгэвэр хэмээн иргэдээ ялгаварлаж буй тогтолцоог зогсоох,
- Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах,
- Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлж, байгууллага бүр ахмадын сан бүрдүүлэх зэрэг багтана.
Түүнчлэн “Бид ажил хийгээгүй хүмүүсийн тэтгэврийг нэмэхийг шаардаагүй. Харин улсад 30-40 жил шударгаар хөдөлмөрлөсөн атлаа тэтгэврийн доод хэмжээг авч буй иргэдийн хөдөлмөрийг үнэлэхийг л хүсэж байна” хэмээн онцолсон юм.
М.Дэлэг