Хятад улс Мьянмарт луйврын төв ажиллуулж байсан Мин гэр бүлийн 11 гишүүнийг цаазаар авсан талаар төрийн хэвлэлүүд мэдээлжээ. Хятадын Жэжян мужийн шүүх өнгөрсөн есдүгээр сард тэднийг хүн амины хэрэг, хууль бусаар хорих, залилан мэхлэх, мөрийтэй тоглоомын газар ажиллуулах зэрэг олон ноцтой гэмт хэрэгт буруутган ял оноосон юм.
Мин гэр бүл нь Хятадтай хил залгаа Мьянмарын Лауккаинг хотыг захирч байсан хэд хэдэн нөлөө бүхий овгийн нэг байжээ. Тэдний засаглалын үед ядуу, алслагдсан энэ бүс нутаг казино, бие үнэлэлт төвлөрсөн гэмт хэргийн голомт болон хувирсан байжээ.
Тэгвэл 2023 онд Мьянмарын иргэний дайны үеэр Лауккаинг хотыг хяналтдаа авсан үндэстний зэвсэгт бүлэглэлүүд Мин гэр бүлийн гишүүдийг баривчилж, улмаар Хятадын эрх баригчдад шилжүүлэн өгснөөр тэдний луйврын сүлжээ нуран унасан байна.
Мьянмар дахь луйврын төвүүд олон жилийн турш мянга, мянган хятад иргэнийг барьцаалж, хүчээр ажиллуулж байсан бөгөөд тэдгээр хүмүүс гадаадын иргэдийг цахимаар залилан мэхлэхээс өөр сонголтгүй байдалд хүрдэг байжээ. Өнгөрсөн жил Хятадын интернэт орчинд "Тайланд руу жүжигчний ажилд яваад сураггүй алга болсон залуу жүжигчнийг хайж буй" хэрэг олны анхаарлыг татан, хүчтэй тархсан юм. Ийм төрлийн тохиолдлууд Мьянмарын хунта засгийн газраас луйврын мафийг таслан зогсоохыг удаа дараа шаардаж ирсэн Бээжингийн бухимдлыг улам бүр нэмэгдүүлжээ.
Эцэст нь хунта болон үндэстний зэвсэгт хүчний хоорондох мөргөлдөөн хурцадсанаар Лауккаинг дахь гэмт бүлэглэлүүдийн ноёрхол төгсгөл болсон байна. Хятадын Дээд шүүхийн мэдээлснээр Мин мафийн луйврын болон мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа 2015-2023 оны хооронд 10 тэрбум гаруй юань буюу ойролцоогоор 1.4 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд 11-р сард тэдний давж заалдах хүсэлтийг эцэслэн хэрэгсэхгүй болгожээ. Шүүхийн мэдэгдэлд дурдсанаар, эдгээр гэмт хэргийн улмаас Хятадын 14 иргэн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Эх сурвалж: BBC