Улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж батлагдсан тохиолдол 14.002 боллоо. Үүнээс 49 нь эмнэлэгт, нэг нь гэрээр эмчлүүлж байна. Харин нас баралт нэмэгдээгүй 12 хэвээр байгаа аж. Тиймээс улаанбурханы нэмэлт вакциныг ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ-ээс хамтран хийж эхэллээ. Тодруулбал, 10-15 настай хүүхдүүд улаанбурхан, улаанууд өвчнөөр өвчлөх тохиолдол ихсэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байгаа учир нэмэлт дархлаажуулалтад заавал хамруулахыг дээрх байгууллагуудаас анхааруулж байна.
Дархлаажуулалтыг энэ сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын 06-ний өдрийг хүртэл Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, сум, өрхийн эрүүл мэндийн төв, салбар амбулатори, дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад хийж байна. Ашиглаж буй вакцин нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн, GMP гэдгийг мэргэжлийн байгууллагаас тодотголоо.
