"Украины дайныг зогсоох" В.Путин, АНУ-ын тусгай элч Стив Виткофф нарын хэлэлцээр гурван цаг гаруй үргэлжилжээ

"Украины дайныг зогсоох" В.Путин, АНУ-ын тусгай элч Стив Виткофф нарын хэлэлцээр гурван цаг гаруй үргэлжилжээ

Оросын ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын төлөөлөгчдийн Кремльд болсон уулзалт гурван цаг гаруй үргэлжилж, өндөрлөсөн талаар мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Стив Виткофф, түүний хүргэн Жаред Кушнер нар Украины дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гаргах зорилгоор орон нутгийн цагаар Пүрэв гараг /2026.01.22/-ийн орой Москвад ирсний дараахан хэлэлцээ эхэлсэн байна.

Уулзалт Баасан гараг /2026.01.23/-ийн өглөөний 03:00 цагаас хойш үргэлжилжээ. Уулзалтын дараа Оросын төлөөлөгч Кирилл Дмитриев X хуудастаа уг хэлэлцээг “чухал” хэмээн тодорхойлсон байна. Харин Кремлийн албаны эх сурвалжийн мэдээлснээр, ерөнхийлөгч В.Путин АНУ-ын хэлэлцээрт оролцогчдод газар нутгийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр Москва Украин дахь дайныг зогсоох “урт хугацааны тохиролцоонд” хүрэх боломжгүй гэдгийг дахин сануулжээ.

Тодруулбал, Кремлийн гадаад бодлогын туслах Юрий Ушаков, “Манай ерөнхийлөгч болон Америкийн төлөөлөгчдийн хооронд Анкорижид тохиролцсон томъёоны дагуу нутаг дэвсгэрийн асуудлыг шийдэхгүйгээр урт хугацааны тохиролцоонд хүрэх боломжгүй гэдгийг дахин нэг удаа онцолсон” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 

Мөн Москвад болсон В.Путин, Стив Виткофф, Жаред Кушнер нарын уг уулзалт “онцгой агуулгатай, бүтээлч, илэн далангүй, нууцлалтай” хэмээн Юрий Ушаков тодорхойлжээ.

Москва руу нисэхээс хэдхэн цагийн өмнө Стив Виткофф, "энхийн хэлэлцээ ганц асуудал дээр үлдээд байгаа энэ асуудлыг давтан хэлэлцсэн нь шийдвэрлэх боломж байгааг харуулж байна” гэж хэлжээ.

Тэгвэл Кремлийн гадаад бодлогын туслах Юрий Ушаков, "ерөнхийлөгч В.Путин, С.Виткофф, Ж.Кушнер нартай уулзах үеэрээ Орос улс Украины хямралыг улс төр, дипломат аргаар шийдвэрлэх сонирхолтой гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ үүнтэй зэрэгцэн Орос улсын гарт “тулааны талбарт стратегийн санаачилга байгаа” тул цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: CNN