Дэлхийн эдийн засгийн 56 дахь чуулган Швейцарийн Давос хотноо дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Уг чуулганд 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллага, томоохон корпорациудын удирдлага, иргэний нийгмийн төлөөлөл болон эрдэм шинжилгээний байгууллагын 3000 гаруй төлөөлөгч өргөнөөр оролцож байна.
Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Украины ерөнхийлөгч В.Зеленский, Германы канцлер Фридрих Мерц нарын тэргүүтэй хүмүүс оролцож, гео эдийн засгийн өрсөлдөөн, AI-ийн эрсдэлүүд зэрэг олон сэдвээр санал солилцлоо. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампийн хувьд өчигдөр /2026.01.21/ Давос хотод өндөр хамгаалалтад ирж, байр сууриа илэрхийлсэн. Манай улсын хувьд энэ жил Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй албаныхан оролцож дэлхийн улс төр, эдийн засгийн шийдвэр гаргагчидтай шууд харилцаа тогтоох, улс орны хөрөнгө оруулалтын орчныг өргөн хүрээнд сурталчлах, Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт татах, шинэ түншлэлийг өргөжүүлэхэд анхаарав. Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд өнөөдөр тус чуулганаас буцаж, Швейцарийн Цюрих хотод ажиллах юм. Энэ чуулганы үеэр бид гадны ямар түншүүдтэй харилцаа тогтоож, юу ярьсан талаар Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Т.Доржханд, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нараас дараах тодруулгыг авлаа.
Энэ жилийн эдийн засгийн чуулганы үеэр Европын улсууд болон АНУ тэргүүтэй олон орон манай уул уурхайн салбар тэр дундаа зэс, газрын ховор элементийн олборлолтод хөрөнгө оруулах саналтайгаа илэрхийлсэн байна.
ВИДЕО:
Т.ДОРЖХАНД: АРАБУУД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ САНАЛТАЙ Ч БИДНЭЭС ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХҮСЧ БАЙНА-

-Таны хувьд хоёр жил дараалан энэхүү чуулга уулзалтад оролцож байна. Энэ удаагийн уулзалтын онцлог нь юу байна вэ?
Өнгөрсөн жил хиймэл оюун ухаан, технологийг хамтдаа хэрхэн ашиглах, үр өгөөжийг хэрхэн хүртэх талаар ярилцаж байсан бол энэ жилийн чуулга уулзалт тогтвортой хамтын ажиллагааг хэрхэн бий болгох талаар түлхүү ярилцлаа. Тухайлбал, хиймэл оюун ухааны хэрэглээнээс үүдэлтэй ойрын 100 жилд эрчим хүчний эрэлт нэмэгдэх хандлагатай байна. Тодруулбал, Аливаа мэдээлэл хайхад Google-ээс хайдаг хайлтаас илүү хиймэл оюун ухаанаар хайлтаа хийдэг болсон. Англи хэл сурахын тулд тухайн улсдаа очихоос эхлээд маш их зардал гаргадаг байсан бол одоо хиймэл оюун ухаандаа 20 доллар төлөөд ярих боломжтой болсон. Энэ мэт хэрэглээнээс үүдэлтэйгээр эрчим хүчний хэрэглээ нь 10 дахин өссөн. Дэлхий даяар эрчим хүч, эрчим хүчинд хэрэглэгдэх материал нь чухал байна.Тухайлбал зэс болон газрын ховор элементийн эрэлт нэмэгдэж, үнэ тогтвортой өсөх сайн мэдээ байна. Тэгэхээр зэс болон газрын ховор элементийн нөөцийг агуулдаг манайх шиг улсад маш их давуу тал үүсэх нөхцөл бүрдэж байгаа юм. Бид зэсдээ хөрөнгө оруулалтыг хийвэл ирэх 20 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт бий болох сайн талтай.
-Дэлхий даяар эрчим хүчний шилжилтийг хийхэд 1 их наяд долларын санхүүжилт шаардлагатай гэсэн судалгааны үр дүн бий. Энэхүү санхүүжилтыг хэрхэн бий болгох боломжтой талаар чуулганд оролцогчид хэрхэн илэрхийлж байна?
Яг өнөөдрийн байдлаар 10 террабатын эрчим хүчний шинэ эх үүсвэр хэрэгтэй байна. Дэлхий нийтээр бүх эрчим хүчний хэрэгцээ хамгийн багадаа 25 хувиар өсөж, эрэлтийг бий болгож байгаа. Уул, уурхай сүүлийн 10-25 жил чухал байсан бол одоо эрчим хүч хамгийн чухал гэдгийг онцолж байна.
Тиймээс АНУ болон Европын томоохон улсууд энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж, бодлогоо уралдуулж байна. Францын Сангийн сайд болон Худалдааны сайдтай уулзлаа. Арабын холбооны улсын сайд нартай уулзлаа. Хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын сангийн удирдлагуудтай уулзаад явж байна.
Тэдгээр улсуудын хэлж байгаагаар “Танай улсад судлагдсан болон судлагдаагүй асар их нөөц байна. Хэрэв танай улсын Засгийн газар тогтвортой бодлогыг бий болгож, иргэдтэйгээ ойлголцож чадвал би санхүүжилт хийхэд бэлэн байна” гэдгээ илэрхийлж байгаа. Эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Трампын хувьд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ингэхдээ мөн л Засгийн газрын тогтвортой байдлыг зөвлөж байгаа.
-Манай улсын хувьд тог тасарсан, аваарын байдалтай байна. Энэ үеэр таны хувьд Давосын эдийн засгийн чуулга уулзалтад орж таарлаа. Таны хувьд өөрийн сошиал хаягаар үзэл бодлоо илэрхийлсэн байсан. Нөхцөл байдлыг хэрхэн тайлбарлах вэ?
Монгол Улсын Эрчим хүчний салбар хөгжлөөрөө 20 жилээр хоцорсон. Доголдол гарсан 4 дүгээр цахилгаан станцын хувьд 70 жилийн настай. Ийм он удаан жилийн настай станц дэлхий дээр байхгүй. Бид хуучинтайгаа ноцолдоод явахаар засч сайжруулах тоног төхөөрөмж ч байхгүй. Сайжруулах гэхээр зөвхөн ОХУ-аас авна гэдэг. Тус улсад тэр үйлдвэрлэл нь байхгүй болсон. Зөвхөн бид нарт зориулаад тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Түүнийг нь авья гэхээр 3-5 дахин илүү үнэтэйг санал болгодог. Тиймээс станц барихаас илүү дата төвийг бий байгуулан сэргээгдэх эрчим хүчийг бий болгох нь хамгийн хурдан шийдэл юм. Сэргээгдэх эрчим хүчний ТЭЗҮ, судалгаа зэргээс хамаараад багагүй хугацааг зарцуулсан. Энэ жилээс бид жинхэнэ ажил руугаа орж байгаа. Сэргээгдэх эрчим хүчийг бий болгохын тулд хүйтэн агаар болоод, хуурай уур амьсгал, газар хөдлөлтгүй, цунамигүй, энх тайван орчин хэрэгтэй. Энэ бүгд манайд бий. Бид 2028 он гэхэд эрчим хүчний хувьд бие дааж, эрчим хүчийг экспортод гарган мөнгө олох боломжтой. Энэ бол ирээдүй. Үүнийг ганц Т.Доржханд яриагүй. Давост ирсэн улс бүр энэ хангамжийг эрэлхийлж байна.
-Б.ЖАВХЛАН:ЭНД НҮҮРС ЯРИГДАХГҮЙ БАЙНА. ХАРИН ЯАЖ ТӨГС БОЛОВСРУУЛАХ ТАЛААР ЯРЬЖ БАЙНА-

-Монгол Улс томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах, хөрөнгө оруулагчдыг татах шууд харилцааг энд бий болгож байна. Энэ удаагийн форумаас олж авч буй бидний давуу тал, ажлууд юу байна вэ?
-Эдийн засгийн форум Давос хотноо 56 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Форумын гол онцлог нь дэлхийн улстөр, эдийн засгийн гол томоохон улс орны удирдагч нар, хамгийн том гэгдэх бүхий л хөрөнгө оруулалтын сангууд, байгууллагын төлөөллүүд цугладагаараа маш онцлог. Том гүрнүүдийн том удирдагч, шийдвэр гаргагч нартай нэг дор танилцах боломжтой. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, геополитикийн тодорхойгүй байгаа байдалд маш сайн мэдээлэл олж авах, дэлхий нийтийн чиг хандлага, улстөр, хүний хамгийн энгийн чиг хандлага зэрэг бүхий л мэдээллийг солилцох, маш олон мэдээллийг сонсож мэдэх боломж өгдөгөөрөө онцлог юм. Сүүлийн жилүүдэд манай улсын чуулга уулзалтад оролцох оролцоо маш сайн болж байгаа. Энэ удаагийн уулзалтад ирэхэд ч манай улсыг маш сайн мэддэг болсон, сонирхдог болсон нь мэдэгдэж байна. Өмнө нь уулзалтууд хийгээд хөөцөлдөөд явдаг байсан бол одоо маш олон захиалгатай уулзалтуудад оролцож байна.
Түүнчлэн сүүлийн 4-5 удаагийн форум ковидын дараах гэдгээрээ маш чухал болж байна. Ковид хүртэлх, ковидоос хойшхи гэсэн календартай болчихлоо. Ковидоос хойш дэлхийн нийтийн геополитик маш их сонирхолтой бөгөөд тодорхойгүй ээдрээтэй болж байгаа энэ үед Давосын чуулган уулзалт болж буйгаараа онцлог болж байна. Мөн дээрээс нь хүний хэрэгцээ технологи асар хурдтай өөрчлөгдөж байна. Ялангуяа AI-д суурилсан, технологи дагасан, маш олон хувьсал өөрчлөлтүүд бий болж байна. Дэлхийн мөнгөний болон хөрөнгө оруулалтын урсгал, технологио дагаж байна. AI дагаж байна. Тэгэхээр бидэнд маш их боломж байна. Тиймээс хоцорч болохгүй, зэрэгцэжявах ёстой. AI-г дагах тусмаа технологи өөрөө бүхий л салбарт том хувьсгал өөрчлөлтүүдийг авч ирж байна. Үүнийг дагаад хэрэгцээ хязгааргүй болж ирж байна. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын дэлхийн цөм Ази руу шилжиж байна.
Өнөөдөр /өчигдөр 2026.01.21 үдээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч Трамп ирж байна гээд бүх юм нь хаалттай, хамгаалалт гарчихсан байна. Үдээс хойш илтгэл тавина. Түүнийг дэлхийн нийтээрээ чих тавин анхаарч, хүлээж байна. Тэр уулзалт руу ороход дор хаяж 2 цаг дугаарлаж байж орж, илтгэлийг нь сонсох нь байна.
Энэ удаагийн уулзалтад Ерөнхий сайд, Шадар сайд, Төв банкны Ерөнхийлөгч хамт яваа. Тиймээс энэ боломжуудыг ашиглаад хөрөнгө оруулагч болон санхүүгийн зах зээлд ажиллаж буй том тоглогч нартай уулзаж байна. Амьдралд хамгийн ойр бидэнд тулгамдсан асуудал бол Монгол Улсын санхүүгийн зах зээлд гадны банк, гадны хөрөнгө оруулагч нарыг шинээр оруулж ирэх, өрсөлдөөнийг дэмжих юм.
Энэ өрсөлдөөний эцсийн дүнд хэрэглэгч нарт хямд, бага хүүтэй, сайн санхүүгийн бүтээгдэхүүнийг санал болгох ёстой. Тэгэж байж хэрэглэгч нар хожно. Энэ асуудлыг бид маш олон жил ярьж байгаа. Энэ өрсөлдөөнд дотоодын банкууд таатай ханддаггүй. Гэхдээ эцсийн дүнд хэрэглэгч ялах ёстой. Үүнд төрийн зохицуулалт заавал байх ёстой.
Хэт хол барууны томоохон банкууд манай зах зээлийгтоохгүй. Бид тэгэж биеэ тоогоод хэрэггүй. Энэ бол амьдралаас хол. Харин Зүүн Европын бүс нутаг болон манай зах зээлд амжилттай ажиллаж байгаа банкуудыг сонирхож урилга өгч, Төв банкныхан ч үүнд идэвхтэй ажиллаж байгаа. Зах зээлдээ сайн ажиллаж байгаа банкууд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаагаа явуулах хүсэл сонирхлоо илэрхийлж байна. Бид ч мөн шаардлагатай мэдээллүүдийг өгч ажиллалаа. Бидний бодлого нээлттэй гэдгээ танилцуулж ажиллалаа.
-ОУВС эдийн засгийн өсөлтийн таамгаа өсгөж, 3.3 болгож шинэчилсэн. Энэ он болон ирэх оны эдийн засгийн өсөлтийн таамгийн хүлээлтийг хэрхэн харж байна вэ?
-Эдийн засгийн төвүүд болон шинэ технологи дагасанмөнгөний урсгал дээр Монгол Улс маш том тоглогч байгаашүү гэдгийг хөрөнгө оруулагч нар тодруулж ярьж, бидэндхандаж байна. Тэгэхээр бид зөв төлөвлөж, технологидагасан урсгалаа зөв хамтрагч нартайгаа ил тод нээлттэйявбал бидэнд ойрын хугацаанд томоохон өөрчлөлт, тодорхойгүй байдлаасаа ядаж бүс нутагтаа амжилттай тоглогч болох бүрэн боломжууд байна. Бидэнд газрын ховорэлемент, уран нь байна. Энд нүүрс маш ховор яригдаж байна. Гэхдээ нүүрсийг тултал нь боловсруулах боломжийг маш олон газрууд саналболгож байна. Тиймээс үүнд тулгуурласан эдийн засаг болоннийгмийн өсөлт хөгжил, хүртээмж өөрөө цуг байх ёстой .Бидэнд маш том боломжууд байгааг улам тод харж байна.
Аялал жуулчлалтай холбоотой асуудал нэлээн яригдах шиг боллоо?
Монгол Улсын байгаль өөрөө маш том аялал жуулчлалын том капитал. Гагцхүү үйлчилгээ, дэд бүтэц л биднээс шалтгаалж байна. Аялал жуулчлал бидэнд маш том боломж.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ: 2026 ОНД ОЙЛГОМЖГҮЙ БАЙДАЛТАЙ БАЙХ УЧИР УЛС ОРНУУДЫН ТӨВ БАНКУУД БОЛГООМЖТОЙ БАЙЖ БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ЯАРАН БУУЛГАХГҮЙ ТӨЛӨВТЭЙ БАЙНА-

-Төв банкны хувьд хамтарч ажилладаг банкууд бий. Тухайлбал, JP Morgan банктай өнөө өглөө уулзалт хийсэн. Энэ банкны тухайд Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтыг удирдахад мөн техникийн чадавхи бүрдүүлэхэд зөвлөгөө тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн Монголын банкуудын гадаад төлбөр тооцооны боломжийг нэмэгдүүлэх талаар бид уулзалтыг хийж байна. Хэлэлцүүлгийн үеийн нөхцлүүдийг харахад 2026 онд ойлгомжгүй байдал нэлээн үргэлжлэхээр байна. Тийм учраас Төв банк, хөрөнгө оруулагчид маш болгоомжтой байна. Тиймээс бодлогын хүүгээ яаран буулгах төлөвгүй байгаа. Манай банкууд болон санхүүгийн салбар эрсдэл даах чадвартай байх, өнгөрсөн 70 хоногт Төв банкнаас авч хэрэгжүүлсэн заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авсан зэрэг зөв байсан. Нөгөөтэйгүүр гадны банкуудыг оруулж ирэх хууль эрх зүй, нөхцлүүдийг сайжруулах шаардлага байгаа нь тодорхой байгаа. Өнгөрсөн жил бид нүүрсний үнийн уналтаас болж экспортын гурван төрлийн алдагдалтай гарч байгаа ч зэсийн орлогоороо нөхөж байгаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай гарсан нь тэсвэрлэх чадвартайг харуулж байгаа юм. Цаашдаа түүхий эдийн уналт, гэнэтийн хүндрэлийг давж чадах эдийн засгийг бий болгоход бүх талдаа анхаарах ёстой. Төв банкны хувьд ч эрсдэл даах чадварыг санхүүгийн салбарт суулгаж, тогтвортой байдлыг бий болгож ажиллана.