ТОДРУУЛГА: "Сүхбаатар суманд галд өртсөн гэр бүлийнхэн дэлгүүр ажиллуулдаг байсан, тог массласны улмаас гал гарсан болов уу"

ТОДРУУЛГА: "Сүхбаатар суманд галд өртсөн гэр бүлийнхэн дэлгүүр ажиллуулдаг байсан, тог массласны улмаас гал гарсан болов уу"

Өнгөрөгч шөнө /2026.01.20-21/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд гал гарч, нэг бүлийн зургаан хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлсэн.

Тэгвэл уг хэргийн талаар тус сумын иргэнээс тодрууллаа.

-Өнөө өглөө харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэл гараад байна. Та тэрхүү гэр бүлийнхнийг хэр сайн таних вэ?

-Танина. Манайх нэг гудманд ойрхон байдаг айл.

-Өглөөний үйл явдлын талаар танд мэдээлэл бий юу?

-Өглөө үүрээр 05:00 цагийн үед маш их утаа гарч, гал авалцаад байхаар нь би гүйгээд очсон. Хамгийн түрүүнд бараг би очсон байх. Онцгой, цагдаа, түргэн бүгдийг нь дуудсан. Хүн ойртохын аргагүй хүчтэй гал авалцаж байсан. Аймшигтай зүйл болсон.

-Тухайн айлын талаар та хэр мэдэх вэ. Дөрвөн хүүхэдтэйгээ байсан гэсэн мэдээлэл бий?

-Тийм. Эхнэр, нөхөр хоёр дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Хүүхдүүд нь 1, 2, 4 дүгээр анги. Бас таван настай цэцэрлэгийн нэг хүүхэдтэй. Нөхөр нь 46 настай, эхнэр нь 44 настай хүмүүс байсан. Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо.

-Ямар ажил хийдэг хүмүүс байсан юм бол?

-Хувиараа найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг, дэлгүүрээсээ залгаа хоёр байшинтай айл байсан юм. Өөрсдийнх нь амьдардаг байшингаас гал авалцаж эхлээд дэлгүүрийнх нь үзүүрт хүрч хайрагдсан байна лээ. Үнэхээр ажилч, хичээнгүй, хөдөлмөрч хүмүүс байсан. Хашаандаа олон объект барьсан. Нөхөр нь их гарын ур дүйтэй өөрөө бүх зүйлээ хийдэг ажилсаг залуу байсан. Тэр бүх объектоо өөрөө барьсан.

-Онцгой, цагдаагийнхан галын урьдчилсан дүгнэлтийн талаар тодорхой зүйл хэлсэн болов уу?

-Тийм зүйл яриагүй. Манайх төвөөсөө 7 км зайтай, тал хээр газар байрладаг нэлээд хүйтэн газар л даа. Төвөөсөө 7-9 градус хүйтэн байдаг юм. Өглөө намайг гүйгээд очиход хөрсөн дээр -45 хэмийн хүйтэн байсан. Би бодохдоо шөнө хүүхдүүдээ дааруулахгүй гэж нэмэлт юм залгасан болов уу гэж таамагласан.

-Өмнө нь тог массласан гэх зүйл ярьж байсан болов уу?

-Ер тийм зүйл яриагүй. Өчигдөр манай энэ хавиар 17:00 цагийн орчимд тог тасраад нэг их удаагүй ирсэн. Тэр үеэр тогны хүчдэлд асуудалд гарсан болов уу л гэж би хувьдаа бодоод байгаа юм.

-Хүн ойртохын аргагүй гал авалцаж байсан гэхээр гал гарсан даруйдаа л хүчтэй авалцаж дээ?

-Хүн орохын аргагүй байсан. Байшингийн материал нь дан мод, хөөсөөр барьсан болохоор дорхноо авалцсан байх. Үнэхээр харамсалтай зүйл боллоо.

-Сум орон нутагт нь хамаатан садан, ар гэр нь байдаг болов уу?

-Эхнэр нь манай сумын хүн. Ээж, дүү хоёр нь төвд байдаг. Мэдэнгүүтээ ирсэн. Хүнд мэдээ сонсоод сэтгэл санаа нь хямраад хэцүүхэн л байна. Нөхөр нь харин хотоос ирсэн байх. Эндхийн хүн байгаагүй.

-Сум орон нутгаас ямар арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлж байгаа бол?

-Хүүхдийн байгууллагууд болон сумын хамтарсан багаас ажлын хэсэг гаргаад дэмжлэг тусламж үзүүлэхээр ажиллаж эхэлсэн гэж дуулсан.

-Хэрэг явдлыг хажуугаас харсан хүний хувьд танд хүмүүст сэрэмжлүүлж хэлэх зүйл байна уу?

-Үнэхээр хэцүү, харамсалтай хэрэг боллоо. Ойрын өдрүүдэд хотод станц гэмтсэн гээд тогны хязгаарлалт явуулж байгаа гэнэ лээ. Тиймээс цахилгааны утас болон тогны хүчдэлээ хянаж шалгаж байгаарай л гэж хэлье. Харамсаад ч барахгүй хэцүү зүйлийг харлаа. Сум орон нутгаараа эмгэнэсэн хэцүү өдөр болж байна.

С.Отгонбаяр