АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Францын Ерөнхийлөгч Э.Макроны Гренландын асуудлаарх байр суурийг асууж, өөр рүү нь бичсэн мессежийг өөрийн Truth Social сүлжээнд нийтэлжээ.
Тэрээр уг зургийг “Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны тэмдэглэл” гэсэн тайлбартайгаар оруулсан бөгөөд мессежид, "Найз минь. Бид Сирийн асуудлаар бүрэн санал нэг байна. Бид Ираны талаар гайхалтай зүйл хийж чадна. Харин Гренландын талаар та яг юу хийж байгааг бид ойлгохгүй байна" гэжээ.
Харин Э.Макроны ойрын эх сурвалж уг мессеж бодит болохыг баталсан байна. Сүүлийн өдрүүдэд Францын Ерөнхийлөгч Э.Макрон Д.Трампын Гренландтай холбоотой тарифын сүрдүүлгийг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн шүүмжилж, Газын зурвасыг сэргээн босгох үйл явцыг хянах зорилготой “Энх тайвны зөвлөл”-д нэгдэх Д.Трампын урилгаас татгалзаад байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Э.Макроны татгалзсан шийдвэрийн талаар Д.Трампаас асуухад “Хэн ч түүнийг хүсэхгүй” хэмээн хариулж, Францын дарсанд өндөр тариф ногдуулах талаар дахин дурдсан нь хоёр улсын удирдагчдын хоорондын харилцаа хурцдаж байгааг илтгэж байгаа ажээ.
Эх сурвалж: CNN
