"Гренландын асуудалд ухрах зам байхгүй" гэсэн Д.Трампын мэдэгдэл дэлхий нийтийн анхааралд оров

"Гренландын асуудалд ухрах зам байхгүй" гэсэн Д.Трампын мэдэгдэл дэлхий нийтийн анхааралд оров

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Руттетэй Гренландын талаар "утсаар маш сайн ярьсан" гэж мэдэгдээд Давост болж буй Дэлхийн эдийн засгийн форумд оролцож талуудтай уулзахаар тохиролцсон гэсэн нь дэлхийн хэвлэлүүдийн анхааралд ороод байна. 

Тэрээр өөрийн Truth Social сүлжээндээ, "Би НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Руттетэй Гренландын асуудлаар маш үр дүнтэй, нээлттэй утсаар ярилцлаа. Мөн Швейцарийн Давос хотод холбогдох талуудын уулзалтыг зохион байгуулахыг зөвшөөрсөн. Би бүгдэд тодорхой хэлсэнчлэн, Гренланд нь үндэсний төдийгүй дэлхийн аюулгүй байдлын хувьд зайлшгүй чухал ач холбогдолтой. Энэ асуудалд ухрах зам байхгүй, үүн дээр хүн бүр санал нэгдэж байна.

Америкийн Нэгдсэн Улс бол дэлхийн хамгийн хүчирхэг улс. Үүний гол шалтгаан нь миний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд манай цэргийн чадавхийг сэргээн бэхжүүлсэн явдал бөгөөд энэ үйл явц улам эрчимтэй үргэлжилсээр байна. Бид бол дэлхий дахинд энх тайвныг хангаж чадах цорын ганц хүч бөгөөд үүнийг энгийнээр хэлбэл, бодит хүч чадлын үндсэн дээр хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгч Дональд Ж. Трамп" гэжээ.