Испанийн өмнөд хэсэгт өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас дор хаяж 40 хүн амиа алдаад байна. Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Педро Санчес гурван өдрийн үндэсний гашуудал зарласан байна.
Осол ням гараг /2026.01.18/-ийн орой Испанийн Кордоба хотын ойролцоох Адамуз суурингийн орчимд зорчиж явсан галт тэрэг замаасаа гарч, эсрэг чиглэлд явж байсан галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 40 гаруй хүн амиа алдаад байгаа бөгөөд нас барсан хүмүүсийн тоо эцэслэн тогтоогдоогүй байна. Иймд Педро Санчес ослын газарт очиж, мөрдөн шалгалтыг бүрэн ил тод явуулж, шалтгааныг нь заавал тогтооно гэдгээ мэдэгдлээ. Тээврийн сайд Оскар Пуэнте уг ослыг “маш хачин” хэмээн тодорхойлж, мөрдөн шалгалт дор хаяж нэг сар үргэлжилж магадгүй гэжээ.
Ройтерс агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр төмөр замын холбоос эвдэрсэн нь ослын гол шалтгаан байж болзошгүй байна.
Ослын улмаас Мадрид болон өмнөд бүсийн хотуудын хоорондын бүх өндөр хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна. Испани нь дэлхийд Хятадын дараа орох хамгийн том өндөр хурдны галт тэрэгний сүлжээтэй орон бөгөөд 2013 онд Галисид гарсан ослоор 80 хүн амь үрэгдэж байсан түүхтэй юм.
Эх сурвалж: BBC