Испанид төвтэй “INDRA” компани монголын агаарын навигацын тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөлд хамтран ажиллахаар зорьж байгаа талаар Монцамэ агентлаг мэдээллээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “INDRA” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын агаарын тээвэр, иргэний нисэхийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын хөдөлгөөний удирдлага, навигацын тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөлд хамтран ажиллах тухай санал солилцжээ.
Энэ талаар ЗТЯ-ны мэдээлснээр, “Indra” технологийн компани нь автоматжуулалт, агаарын тээвэр, навигац, аюулгүй байдал, харилцаа холбоо, хяналтын чиглэлээр ажиллаж, АНУ, БНХАУ, БНЭУ, Герман, Их Британи зэрэг улсад агаарын хөдөлгөөний удирдлагын систем, навигацын тоног төхөөрөмж радар, аюулгүй байдлыг хангах дэвшилтэт технологиуд нийлүүлдэг байна. Манай улсын ИНЕГ тус компанитай 2009 оноос эхлэн хамтран ажиллаж, нислэгийн хөдөлгөөнийн удирдлагын 7 ширхэгсистем нийлүүлжээ. Үүнээс одоогоор Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Дорноговь аймгийн Сайхандулаан, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дундговь аймгийн Өлзийт суманд 5 радар хэвийн ажиллаж байна.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар агаарын навигацын үйлчилгээний хураамжаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг анх удаа багасгаж, олон улсын нислэгийн аюулгүй байдлыг хангах навигацийн техник, тоног төхөөрөмжийгшинэчлэхэд 40 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Энэ хүрээнд иргэний нисэх, агаарын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах навигацын тоног төхөөрөмжийг шинэчлэх олон улсын байгууллага, технологийн компаниудтай шуурхай уулзалтууд хийж байна" гэжээ.