Баасан гараг буюу энэ сарын 23-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, шөнөдөө хүйтэн хэвээр байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 25-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Пүрэв гараг буюу энэ сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, энэ сарын 23-наас нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна гэж мэдээллээ.