АН-ын ЕНБД Н.Ганибал ажлаа хүлээлгэн өглөө

2026-01-15 17:59

АН-ын ЕНБД Н.Ганибал ажлаа хүлээлгэн өглөө

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал ажлаа хүлээлгэн өглөө. Түүний хувьд нэг жил зургаан сарын хугацаанд ажиллаж, намынхаа Үндсэн дүрмийн дагуу ажлаа хүлээлгэж өгч байна. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өнөөдөр мэдээлэл хийхдээ "УИХ-ын намрын чуулган завсарлаж, Ардчилсан намын хувьд илүү дотоод ажилдаа төвлөрсөн өдрүүд үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 09-ны өдөр Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор бид бүхэнд дотооддоо хийх маш олон ажлууд байна. Ардчилсан намын улс төрийн зөвлөл өчигдөр /2026.01.14/ хуралдаж тодорхой хэмжээний шийдвэрүүд гаргасан.

Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр Ардчилсан намын бүлгийн зөвлөх, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Ардчилсан намын шинэ дүрмийн дагуу Улсын дээд шүүх намын шинэчлэлтийг бүртгэсэн цагаас эхлэн ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг чөлөөлсөнд тооцдог болж байгаа. Хуулиараа Улсын дээд шүүхэд бүх намууд бүртгүүлж байгаа. Энэ хүрээнд ихэнх намуудын дүрмийн шинэчлэл, бүртгэлийн ажлууд дуусч байж магадгүй. Харин Ардчилсан нам энэ удаагийн дүрмийн өөрчлөлтийг асар том боломж гэж үзсэн. Улмаар Ардчилсан намын дотоод шинэчлэлийн ажлуудаа эхлүүлж байна.

Ардчилсан нам бүрэн дүүрэн буюу 100 хувь анхан шатнаасаа өөрчлөлт хийхээр болсон. Энэ шинэчлэлт ирэх тавдугаар сар хүртэл үргэлжилнэ гэж тооцож байна. Хоёрдугаар сарын 01-нээс эхлэн Ардчилсан намын 170 мянган гишүүнээ шинэчлэн бүртгэнэ. Шинэчилсэн бүртгэлээ хийж дуусаад гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 01-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулна" гэсэн юм.

2026-01-15 11:58

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томилжээ

АН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэж авсантай холбоотойгоор тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, АН-ын дүрмээр Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын дарга О.Цогтгэрэлийн зөвлөхүүд Улс төрийн зөвлөлийн хуралдаа саналын эрхтэй оролцдог байна. Харин өчигдөр /2026.01.14/ болсон АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар Н.Ганибал болоод О.Цогтгэрэлийн зөвлөхүүдийг саналын эрхтэй оролцуулаагүй байна. Учир нь АН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэж авсан тул тэд Улс төрийн зөвлөлийн хурлын хэлэлцэж буй асуудалд санал өгвөл хүчин төгөлдөр бус болно гэж үзээд Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэдгийг мэдэгдсэн байна.

Улмаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томилж байгаа бөгөөд, дөрөвдүгээр сарын 7, 8-ний өдрүүдэд АН-ын Их хурлыг хийж, Ерөнхий нарийн бичгийн даргаа албан ёсоор сонгох аж. 

2026-01-15 07:41

Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь түдгэлзүүлжээ

Энэ сарын 09-ны өдрийн Улсын дээд шүүх /УДШ/-ийн хуралдаанаар Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд дүрмийн өөрчлөлт нь хуульд нийцсэн гэж үзсэн. 

Учир нь Улс төрийн намын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь 2026 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа тул хуулийн өөрчлөлт нийцүүлсэн дүрмээ өөрчлөх шаардлагатай УДШ-д бүртгэлтэй улс төрийн бүх намууд тулгараад байсан юм. 

Тэгвэл АН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэж авсантай холбоотойгоор тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байна.

Тодруулбал, АН-ын дүрмээр Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын дарга О.Цогтгэрэлийн зөвлөхүүд Улс төрийн зөвлөлийн хуралдаа саналын эрхтэй оролцдог байна. Харин өчигдөр /2026.01.14/ болсон АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар Н.Ганибал болоод О.Цогтгэрэлийн зөвлөхүүдийг саналын эрхтэй оролцуулаагүй байна. Учир нь АН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэж авсан тул тэд Улс төрийн зөвлөлийн хурлын хэлэлцэж буй асуудалд санал өгвөл хүчин төгөлдөр бус болно гэж үзээд Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэдгийг мэдэгдсэн байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны 504 гишүүн болон Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох хуралд ирэх дөрөвдүгээр сард болох төлөвтэй байна.