БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сук Ёл 2024 оны арванхоёрдугаар сард тус улсад цэргийн дэглэм тогтоосонтой холбоотой хэргүүдийнхээ хүрээнд анхны шүүхийн шийдвэрийг энэ долоо хоногийн сүүлээр сонсохоор болжээ.
Сөүлийн төв дүүргийн шүүх түүнийг нийтийн албанд саад учруулсан, мөн цэргийн дэглэм тогтоохтой холбоотой хууль бус үйлдлүүдэд буруутган, Баасан гараг /2026.01.16/-т 14:00 цагт ял оноох хэлэлцүүлгийг хийхээр товлосон байна. Энэхүү ял нь Юн Сук Ёлын 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд гаргасан цэргийн дэглэмийн тунхаглалаас үүдэлтэй, бослого өдөөсөн гэх хэргийг багтаасан нийт найман хэргийн эхний шийдвэр болох аж.
Баасан гарагийн хэлэлцүүлэгт Юн Сук Ёлыг өнгөрсөн оны нэгдүгээр сард мөрдөн байцаагчдыг өөрийг нь саатуулахад саад учруулсан, цэргийн дэглэмийн төлөвлөгөөг хэлэлцэх хуралд оролцоогүй есөн Засгийн газрын гишүүний эрхийг зөрчсөн, тогтоол хүчингүй болсны дараа шинэчилсэн тунхаглал боловсруулж устгасан зэрэг хэргүүдэд холбогдуулан ял оноох асуудлыг хэлэлцэх юм.
Өнгөрсөн сард тусгай баг шүүхээс Юн Сук Ёлд 10 жилийн хорих ял оноохыг шаардсан бөгөөд түүнийг гэмт хэргээ нуун дарагдуулж, зөвтгөхийн тулд үндэсний агентлагуудыг “хувьчилсан” гэж дүгнэсэн байна.
Шүүх хурлын мэдэгдэлд, Юн Сук Ёл Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албыг ашиглан мөрдөн байцаагчдыг зогсоосноо хамгаалж, ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хэт дөвийлгөж тайлбарлаж болохгүй гэж мэдэгджээ. Энэхүү хэрэг нь Юн Сук Ёлы шүүх хурлуудын хамгийн эхнийх нь бөгөөд ирэх хоёрдугаар сарын 19 /2026.02.19/-нд түүний бослогын хэрэгтэй холбоотой өөр нэг бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр гаргахаас өмнө ийнхүү болох аж.
Мягмар гараг /2026.01.13/-т тусгай зөвлөхүүдийн баг түүнийг цэргийн дэглэмийн тунхаглалаараа бослого өдөөсөн хэргээр цаазаар авах ял оноохыг шүүхээс шаардсан.
Юн Сук Ёлын үлдсэн зургаан хэрэгт эхнэр, тэргүүн хатагтай асан Ким Кён Хигийн авлигын хэргийг тусад нь шалгасан хоёр тусгай зөвлөх багийн хэрэг, мөн 2023 онд тэнгисийн цэргийн албан хаагчийн үхэлтэй холбоотой мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон гэх хэрэг багтаж байгаа ажээ.
Эх сурвалж: Yonhap