Дани улс Цагаан ордонд болсон өндөр түвшний хэлэлцээний дараа АНУ-тай Гренландын ирээдүйн асуудлаар “үндсэн санал зөрөлдөөн” хэвээр байгааг анхааруулжээ.
Данийн Гадаад хэргийн сайд Ларс Локке Расмуссен АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Ванс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нартай уулзсаныхаа дараа Ерөнхийлөгч Д.Трампын Гренландыг АНУ-ын мэдэлд авах хүсэлтийг “бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдсэн байна.
Талууд тодорхой ахиц гаргаагүй ч Гренландын ирээдүйн талаар хэлэлцэх өндөр түвшний хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ. Дани, Гренланд хоёр АНУ-д тус арал дээр нэмэлт цэргийн бааз байгуулах боломжийг зөвшөөрөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Д.Трамп Гренландыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд зайлшгүй хэрэгтэй хэмээн дахин мэдэгдэж, Орос, Хятадын нөлөөнөөс сэргийлэх ёстой гэж онцолж байгаа юм. Европын холбоотнууд Данийг дэмжиж, Швед, Герман, Их Британи, Франц улс Гренландын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оролцохоо илэрхийлсэн. Олон нийтийн санал асуулгаар Гренландын оршин суугчдын дийлэнх нь АНУ-ын хяналтад орохыг эсэргүүцэж байгаа бөгөөд АНУ-ын иргэдийн олонх нь ч Д.Трампын энэхүү санаачилгыг дэмжихгүй байгаа аж.
Эх сурвалж: BBC