Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшин “Хотула” аппликэйшн болон ногоон онооны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх, хотын иргэдийн санал бодлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэх зорилготой “Хотула” систем бол төр, иргэн хоёрыг холбох гүүр. Нийтийн эзэмшлийн газарт шаардлагатай засвар үйлчилгээ буюу эвдрэл гэмтлийн зургийг “Хотула” аппликейшнаар дамжуулан мэдээлснээр шуурхай шийдвэрлүүлэх боломжтой. Мөн алхаж идэвхээ үнэлүүлэн цуглуулсан ногоон оноогоо нийслэлээс үзүүлэх үйлчилгээ буюу СӨХ, тог дулааны төлбөрөө төлөхөд ашиглах боломжтой юм. Уг ажил нь журам боловсруулалтын шатан дээрээ явж байгаа бөгөөд НИТХ-аар хэлэлцэн баталсны дараа хэрэгжинэ. Мөн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотойгоор аман болон бие махбод, цахим дээрэлхэлт үйлдсэн хүүхдэд үе шаттай арга хэмжээ авсны дараа хувийн хэрэгт тусгадаг болох, сургууль, цэцэрлэг гадна талбай болон анги танхимаа бүрэн камержуулан нэгдсэн AI-системтэй холбож, 18 наснаас доош насны хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавина” гэлээ.
Сэтгүүлч Б.Амаржаргал