Венесуэлийн түр засгийн газар тус улсад хоригдож байсан дор хаяж дөрвөн Америк иргэнийг сулласан талаар CNN агентлаг мэдээлжээ.
Энэ нь Венесуэлийн ерөнхийлөгч асан Николас Мадуро эрх мэдлээсээ бууснаас хойш Америкийн иргэдийг анх удаа сулласан тохиолдол болж байгаа бөгөөд Делси Родригесийн тэргүүлж буй түр засгийн газар сүүлийн өдрүүдэд хэдэн арван улс төрийн хоригдлыг суллаж эхэлсний дараах үйл явдал ажээ. Энэ талаар АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч “Венесуэлд хоригдож байсан Америк иргэдийг сулласныг бид сайшааж байна. Энэ бол түр засгийн газрын зүгээс зөв чиглэлд хийж буй чухал алхам” хэмээн мэдэгджээ.
Төрийн департаментын ахлах албан тушаалтны мэдээлснээр, Америкийн дипломат баг хоригдлуудыг суллах үйл явцад дэмжлэг үзүүлэхээр Венесуэлд очсон байна.
Венесуэлд сүүлийн саруудад дор хаяж таван Америк иргэнийг саатуулсан гэж мэдээлж байсан юм. Түүхийн туршид Венесуэлийн эрх баригчид АНУ-д улс төрийн дарамт үзүүлэх зорилгоор АНУ-ын иргэдийг баривчилж байсан тохиолдол олон удаа гарч байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Венесуэлээс бүх улс төрийн хоригдлуудаа суллахыг шаардаж байгаа бөгөөд энэ нь түр засгийн газарт тавьж буй хэд хэдэн гол шаардлагын нэг юм. Мөн АНУ Венесуэлийн шинэ удирдлагад эдийн засаг, цэргийн хөшүүрэг ашиглан шахалт үзүүлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Өнгөрөгч Ням гараг /2026.01.11/-т АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Венесуэл “улс төрийн хоригдлуудаа суллах үйл явцыг томоохон хэмжээнд эхлүүллээ” хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр “Баярлалаа. Эдгээр хоригдлууд АНУ гарч ирж, хийх ёстой зүйлээ хийсний үр дүнг удахгүй ойлгоно гэж найдаж байна” хэмээн Д.Трамп өөрийн "Truth Social" сүлжээндээ бичжээ.
Эх сурвалж: BBC