Филиппинд их хэмжээний хогийн цэг нурсны улмаас нэг хүн нас барж, 38 хүн сураггүй алга болжээ

Филиппинд их хэмжээний хогийн цэг нурсны улмаас нэг хүн нас барж, 38 хүн сураггүй алга болжээ

Филиппиний төв хэсэгт орших Себу хотын Биналив хогийн цэгт өчигдөр /2026.01.08/ уул мэт том хэмжээтэй овоолго хог нурж, 22 настай эмэгтэй амиа алдан, 38 хүн сураггүй болсон талаар BBC агентлаг мэдээлжээ.

Аврагчид нурангийн доороос гэмтсэн 12 ажилтныг гарган авч, эмнэлэгт хүргэсэн байна. Алга болсон хүмүүсийн дийлэнх нь хогийн цэгийн ажилчид байх магадлалтай байгаа ажээ. Нурангийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байгаа гэнэ. Аврах ажиллагаанд төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын 300 орчим хүн оролцож, хэд хэдэн экскаватор, түргэн тусламжийн машин, гал унтраах ангиуд газар дээр нь ажиллаж байгаа ажээ. Энэ талаар Себу хотын дарга Нестор Архивал өөрийн Фэйсбүүк хуудастаа, "Алга болсон хүмүүсийг олохын тулд эрэн хайх, аврах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна" гэжээ. 

Харин Себу хотын зөвлөлийн гишүүн Жоел Гарганера уг осол нь хог хаягдлын зохисгүй менежменттэй холбоотой байж болзошгүйг анхааруулсан байна. Тэрээр орон нутгийн The Freeman сонинд өгсөн ярилцлагадаа уулын хөрсийг ухаж, дээр нь их хэмжээний хог овоолсоор ирсэн нь нуранги үүсгэх шалтгаан болсон байж магадгүй гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: BBC