Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр улсын хэмжээнд өнгөрсөн онд 15 аймгийн 84 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Энэ нь хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт ойн 77.0 мянган га, хээрийн 870.0 мянган га буюу нийт 947.0 мянга орчим га талбай өртсөн бол 370 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан нь нийт зардал 185 дахин өссөн байна. Бүртгэгдсэн түймрийн 63.5 хувийг иргэдийн дуудлага, мэдээллээр, 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр тандалт хийж илрүүлэн, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Ойн түймрийг унтраах ажиллагаанд давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагын 5300 гаруй алба хаагч, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, сайн дурын хэсгүүд, иргэд нийт 13.256 хүн, 2000 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан бол 3 нисдэг тэргээр нийт 55 удаагийн нислэг үйлдсэн байна. Онцгой байдлын байгууллагын нэг алба хаагч 35-70 хоног түймрийн голомтод үүрэг гүйцэтгэжээ.