Нэг гэр бүлийн гурван хүний биед халдаж, найман сартай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг энэ сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гарсан. Иймд бид иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулахын тулд дараах мэдээллийг бэлтгэлээ.
-М.БАТЧУЛУУН ГЭГЧИЙГ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛТАЙ ЗҮЙЛ АНГИАР ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ-
Тухайн хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн хөрш айлынх нь 48 настай, эрэгтэй Б гэгчийг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй М.Батчулуун гэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэг, хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "гэмт этгээд жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины цээжний дээд хэсэгт хутгалж, амь насыг нь хөнөөсөн бол гурван настай охины баруун гарын шууны дотор, далны хэсэгт 2 удаа хутгалсан байжээ. "
-ХОЁР ЖИЛ ЭМНЭЛЭГТ БАЙСАН М.БАТЧУЛУУНЫГ ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖААР "СУЛЛАЖ" БАЙЖЭЭ-
Хоёр хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй гэгдэж буй М.Батчулуун гэгч нь өмнө хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн ч "хэрэг хүлээх чадваргүй" буюу сэтгэцийн эмгэгтэй гэх шалтгаанаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулж байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, тэрбээр одоогоос зургаан жилийн өмнө буюу 2020 онд хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн ч хэрэг хүлээх чадваргүй хэмээн шүүхээс түүнд гурван жилийн хугацаатай эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шийдвэрийг гаргасан байна. Улмаар тэрбээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв буюу Шар хадны эмнэлэгт хоёр жил гаруйн хугацаанд хэвтэн эмчлүүлсэн аж.
Харин 2022 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар түүнд авсан эмнэлгийн чанартай албадлагын чанартай арга хэмжээг хүчингүй болгож, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сэтгэцийн эмгэг судлалын эмчийн хяналтад байлгах шийдвэрийг гаргасан байгаа юм.
Эрүүгийн хуульд;
- Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно.
- Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заасан байдаг.
Мөн "Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана" гэж заажээ.
ВИДЕО:
Товчхондоо, Монгол Улсын хуульд тогтоомжид ингэж заасан тул дээрх аймшигт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээд өмнө хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн ч хэрэг хүлээх чадваргүй, сэтгэцийн эмгэгтэй гэх шалтгаанаар хорих ял эдлэхгүй, хоёр жил гаруйн хугацаанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулж гараад гурван жил гаруйн дараа нэг гэр бүлийн хоёр хүний аминд хүрсэн байж болзошгүй байна. Иймд, сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолтой ч гэмт хэрэг үйлдэж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулаад гарсан иргэдэд тавих хараа хяналтыг сайжруулж, зохих албан тушаалтнууд нь үүрэг хариуцлагаа ухамсарлан бусдын эрүүл аюулгүй орчин амьдрах, амьд явах эрхийг нь хангахад чиглэн ажиллах шаардлагатай байгааг энд тодотгоё.