АНУ-ын Орегон мужийн Портланд хотод холбооны агентуудын оролцсон буудалцааны улмаас нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн шархадсан гэж АНУ-ын албаныхан мэдэгджээ.
Эх орны аюулгүй байдлын яам /DHS/-ны мэдээлснээр, "Венесуэлийн гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй этгээдийг зогсоох үеэр жолооч автомашинаараа агентуудыг дайрахыг оролдсон тул хамгаалалтын буудлага хийсэн байна. Улмаар жолооч зорчигчийн хамт хэргийн газраас зугтжээ." Портландын цагдаагийн газар уг ажиллагаанд оролцоогүй бөгөөд шархадсан хүмүүсийг хэргийн газраас ойролцоо олж, эмнэлэгт хүргэсэн ч биеийн байдал нь тодорхойгүй хэвээр байгаа аж. Уг хэргийн мөрдөн байцаалтыг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо үргэлжлүүлэн явуулж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC