“Охидыг барих дуртай“ гэх М.Ууганбаяр гэгч нь "оюуны хомсдол"-той нэгэн байсан бөгөөд хүүхэд хулгайлахыг завдсан хэргээр 1.6 жилийн ял сонсжээ

“Охидыг барих дуртай“ гэх М.Ууганбаяр гэгч нь "оюуны хомсдол"-той нэгэн байсан бөгөөд хүүхэд хулгайлахыг завдсан хэргээр 1.6 жилийн ял сонсжээ

Нэг гэр бүлийн гурван хүний биед халдаж, найман сартай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хөнөөсөн хэргийг сэтгэцийн эмгэгтэй, өмнө нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн ч ял шийтгэгдээгүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулж байсан этгээд үйлдсэн байж болзошгүй байгаа. 

Тиймээс ч Хууль зүйн яамнаас сэтгэцийн эмгэг, оюуны хомсдолтой хүмүүст оногдуулж байгаа арга хэмжээний эрх зүйн орчныг өөрчилж, дахин энэ төрлийн гэмт хэрэг гаргахгүй байх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, нийгмийн аюул зэрэгтэй уялдуулж авч үзэх шаардлагатай гэж үзсэн. Мөн СЭМҮТ-д тусгайлан байлгадаг төв байгуулах ажлыг эхлүүлэхээр болсон гэдгийг Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өчигдөр /2026.01.08/ мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн. 

-М.УУГАНБАЯР НЬ ОЮУНЫ ХОМСДОЛТОЙ Ч ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ ГЭХ ДҮГНЭЛТ ГАРСАН ТУЛ ТҮҮНД ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ-

Тэгвэл дээрх онц ноцтой гэмт хэрэг гарах үеэр мөн сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй нэгэн иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, мөн л олны анхаарлыг татсан. Тухайн бичлэгт хар цамцтай, 30 орчим насны бололтой эрэгтэй хүн  "Би барби шиг, туулай шиг охидыг барьж байж санаа минь амардаг. Би охидыг барих ажлаа 35, 40, 50 нас хүртлээ хийнэ" гэхчлэнгийн үг хэллэг хэлж бичлэг хийн цахим сүлжээнд байршуулсан байв. 

ВИДЕО: 

Тэгвэл тухайн этгээдийг шалгаж байгаа эсэх, сэтгэцийн эмгэгтэй бол дахин дээрх шиг аймшигт хэрэг үйлдэж, хэн нэгэнд хохирол учруулах эрсдэл үүсэхээс сэрэмжлүүлэх үүднээс тухайн хэрэг явдал болоод 29 настай хэмээн өөрийгөө танилцуулах уг иргэний талаарх мэдээллийг хөвөрдөж үзлээ.  

Цахим орчинд дээрх бичлэгийг хийж нийтэлсэн М.Ууганбаяр гэх эрэгтэй нь 2025 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “бага насны хүүхэд хулгайлахаар завдсан” гэх хэргээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял шийтгэгджээ. 

Тодруулбал, М.Ууганбаяр гэгч нь 2025 оны долдугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 40 минутын орчимд, Дархан-Уул аймаг, Дархан сумын дугаар тоот байрны гадаа тоглож байсан 7 настай эмэгтэй хүүхдийг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явахаар гараас нь татах, зулгаах зэргээр чирэн явах үед хүн гарч ирсний улмаас насанд хүрээгүй хохирогчийг орхиж зугтаасан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон байна. Энэ хэргийн талаар тухайн үед цагдаагийн байгууллагаас "Хүүхэд хулгайлахыг завдсан 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж, улмаар олж тогтоосон" талаар мэдээлж байжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

-ТАНИХГҮЙ АХ МИНИЙ ГАРААС ЧИРЭЭД ЯВЖ БАЙХАД ХҮМҮҮС ТООХГҮЙ БАЙСАН. ХАРИН "ХҮҮХЭД ХУЛГАЙЛЖ БАЙНА" ГЭЭД УЙЛАХАД ХҮҮХЭДТЭЙ ЭГЧ НАДАД ТУСАЛСАН- 

Хэрэг явдлын талаар хохирогч охин "Гадаа тоглож байхад танихгүй ах над руу ойртож ирээд миний гараас чирээд намайг хол дагуулаад явж байхад манай дүү гүйж ирсэн. Ирээд тэр ахын гараас хазсан чинь дүүг маань түлхээд унагачихсан чинь дүү уйлсан. Нөгөө болохоор тэр танихгүй ах руу чулуу шидсэн. Тэгээд намайг чирээд явж байхад урдаас нэг эгч гарч ирэхээр нь би “туслаарай” гэж хэлсэн чинь тэр эгчийг надад туслах үед тэр танихгүй ах миний гараас тавихгүй байсан. Бас хүүхэдтэй нэг эгч таарахаар нь “надад туслаарай” гэж орилсон чинь тэр танихгүй ах зугтах гээд намайг миний гараас чирээд нэг тийшээ явах гэж байсан.

Намайг “туслаарай” гээд орилсон чинь хүүхэдтэй эгч дэлгүүр рүү орчхоод буцаж гарч ирээд надад туслахад тэр ах миний гарыг тавиад намайг газар унагаахад миний хөл шалбарчихсан. Тэгээд тэр ах зугтаачихсан. Хүүхэдтэй аниа намайг тэврээд байр руу явсан.

Тэр танихгүй ах миний гараас чирээд явж байхдаа хүмүүс намайг тоохгүй болохоор би "Хүүхэд хулгайлж байна, өөр арга байхгүй" гэж хэлсэн. Намайг уйлсан чинь “дуугай бай” гээд загнаад байсан.

Малгайтай шар цамцтай байсан гэхдээ малгайг нь өмсөөгүй, чихэвч зүүчихсэн, зэвүүн царайтай хүүхдийн хулгайч байсан. Намайг хулгайлсан. Надаас өндөр ах байсан. Намайг уйлсан чинь “дуугай бай” гэж загнасан. Намайг цохиогүй, муухай үгээр хараагаагүй. Би харж байгаагүй, танихгүй хүн байсан. Миний зүүн гарын бугуй хэсгээс бариад явсан. Их өвдсөн. Би их айсан.” хэмээн хэлсэн байна.

-ХҮҮХЭД ХУЛГАЙЛАХЫГ ЗАВДСАН М.УУГАНБАЯР ГЭГЧ НЬ ОЮУНЫ ХӨНГӨН ХОМСДОЛТОЙ НЭГЭН БАЙЖЭЭ"

Хүүхэд хулгайлахыг завдсан М.Ууганбаяр гэгч нь сэтгэцийн хувьд F70,1 буюу оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт эмгэгтэй нэгэн байсан аж. Уг эмгэг нь төрөлхийн шалтгаантай эмгэг бөгөөд эдгэрдэггүй, харин сэтгэцийн эмчийн хяналтад байх өвчний сэдрэлийн үед эмийн эмчилгээг хийх шаардлагатай байдаг байна. Харин М.Ууганбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй” гэх дүгнэлт гарсан тул шүүхээс түүнд хорих ял оноосон байна.