Өнгөрсөн намар хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн нийслэлийн олон сургууль тоног төхөөрөмж, ширээ сандалгүй шинэ хичээлийн жилээ угтаж байсан. Учир нь Боловсролын яам хугацаандаа тендерээ зарлаж чадаагүйгээс болж сургуулиудын тоног төхөөрөмж, ширээ сандалд зориулсан тендерийг "Хэмнэлтийн тухай" хуулиар эргүүлэн татсан юм. Ингээд үр дүнд нь одоо ч тоног төхөөрөмж, гал тогоо, ширээ сандалгүй сургуулиуд байсаар буй.
Тэгвэл хэмнэлтийн тухай хуулийн энэ заалт нь хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчиж байна хэмээн НЗД-ын орлогч А.Амартүвшин Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Улмаар тус гомдлыг Үндсэн хуулийн цэц 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэлэлцэж, хүүхдийн сурч боловсрох үндсэн эрхэд халдаагүй гэх шийдвэрийг гаргасан байна. Энэ тухай НЗД-ын орлогч А.Амартүвшин "Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй анги танхимд 60-80 хүүхэд сууж суралцах нь эрүүл аюулгүй орчин гэж Үндсэн хуулийн цэц үзлээ. Хүүхдүүд өвдсөн үедээ эмнэлгийн коридорт хэвтэх нь эрүүл, аюулгүй орчинд өсөн торниж байна гэжээ. Хамгийн гол нь Үндсэн хуулиар хугацаагүй олгосон эрхийг “Хэмнэлтийн тухай” хуулиар хугацаа тогтоож буйг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж миний бие үзэж байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
