Хотын дарга Х.Нямбаатар Үндсэн хуулиар олгогдсон иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчсөн шийдвэрийг удаа дараа гаргаж, эл шийдвэр нь нийгэмд бухимдал үүсгэх тохиолдол олон бий.
-Х.НЯМБААТАР ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ УНАЖ, ЭДЛЭХ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ, ТАТВАРЫГ НЭМЖ БАЙХАД АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ЧИМЭЭГҮЙ Л БАЙЖ БАЙВ-
Саяханы жишээ дурдахад, гуравхан өдөрт 3400 хүний саналыг цуглуулж, түүндээ үндэслэн 1.7 сая иргэний хөдлөх хөрөнгө буюу автомашинаа унах эрхийг хязгаарлаж, өвлийн дүн хүйтэнд алхуулах сонголтыг тулгасан. Ингэхдээ албан ёсоор захирамж ч гаргалгүй аман байдлаар Тээврийн цадаагийн албанд чиглэл өгч замын хөдөлгөөнд арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл тэгш, сондгой дугаараар зорчуулах гэж оролдсон нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулснаар цуцлагдсан. Ерөөс Х.Нямбаатар нь нийслэлийн иргэдээс асуухгүйгээр, эрх мэдлээ ашиглаж эрхэнд нь халдах шийдвэрүүдийг өнгөрсөн хугацаанд гаргаж ирсэн гэж хэлж болно.
Тухайлбал, "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" гэсэн иргэдийн орлогыг боомилж, хэтэвчийг нь нимгэлж, дансыг нь хоослох хууль санаачлан 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд батлуулсан. Энэ хуулиар хоёр төрлийн татвар, гурван төрлийн торгууль нэмэгдүүлсэн нь хүний эрх чөлөөнд ноцтой халдсан шийдвэр болсон юм. Мөн хотын татварыг 2 хувь болгон нэмж, ААН-үүдийн татварын дарамтыг нэмэгдүүлж, бизнесийн үйлчилгээг хаан боогдуулах, иргэдэд хүрэх үйлчилгээний өртгийг нэмэгдүүлж, айл өрхүүдэд санхүүгийн дарамтыг нэмэгдүүлсэн.
Мөн 2025 онд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг одоо мөрдөж буй тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоосон. Иргэд татвараа өндөр төлсөн ч эрхээ хязгаарлуулсаар байгаа. Цаашлаад AI буюу хиймэл оюун ухаанаар жолооч нарыг торгож, татвар төлөгчдийн 77 тэрбум төгрөгөөр цахилгаан хөдөлгүүртэй 2000 автомашиныг БНХАУ-аас авах шийдвэрийг гарган бас л нийгмийн бухимдлыг төрүүлээд байна.
-НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ ХОЁР ДАХИН ӨСӨЖ, ХЯНАЛТГҮЙ ЗАРЦУУЛЖ БАЙХАД АН-ЫН ГИШҮҮД МӨН Л ЧИМЭЭГҮЙ БАЙНА-
Х.Нямбаатарыг Хотын дарга болсноос хойш Улаанбаатар хотын төсөв 5 жилд хоёр дахин өссөн. Энэ жилийн төсөв л гэхэд 4.6 их наядаар батлагдсан бөгөөд үүнээс гадна өндөр хэмжээнтэй гадаад зээл, бондууд ч бий. Тэр их мөнгөөр ямар ажил хийж байгааг хянах хяналт нийслэлд дээр нэгэнт алга болсон. Угтаа бол хотын иргэдийг төлөөлөн НИТХ-д сонгогдсон 45 төлөөлөгч Х.Нямбаатарын ажилд хяналт тавих ёстой. Гэтэл эсрэгээрээ нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатараасаа айдаг, улс төрийн дэмжлэг авч чадахгүй байх вий гэж араа боддогоосоо болж дээрх хяналт, тэнцэл алдагдсан.
Өөрөөр хэлбэл, хяналт тавих ёстой газар Х.Нямбаатарын үгээр утсан хүүхэлдэй мэт ажиллаж, хурал дээрээ загнуулаад сууж байх жишээтэй. Ганц итгэл найдвар нь НИТХ-ын АН-ын таван гишүүн байж болох байсан ч унтаа, ажилгүй. Угтаа бол тав тавдахгүй сөрж, НИТХ-ын хурал дээр нийслэлчүүдийн эрхийг хамгаалан хүчтэй дуугарч, идэвхтэй ажиллаж болно. Гэсэн ч тэд үүнийг хүссэнгүй. Учир шалтгаан нь АН-ын таван гишүүн Х.Нямбаатараас нэг, нэг албан тушаал авсантай холбоотой аж.
-Д.БАДАРСАН НИЙСЛЭЛИЙН ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИЦУУЛАГЧ, О.ЗУНДУЙДОРЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР, Б.ЗОЛТУЯА УСУГ-ЫН ДЭД ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙНА-
2024 оны НИТХ-ын сонгуулийн үр дүнгээр АН таван төлөөлөгчтэй болсон. Тодруулбал, Д.Бадарсан, Б.Золтуяа, Т.Батцогт, Б.Эрдэнэсүх, О.Зундуйдорж.
- Даргаар нь Т.Батцогт ажилладаг. Дарга нэртэй НИТХ дэхь АН-ын бүлгийг "унтаа" байлгах үүрэгтэй. Өөрөөр ч сул, чив чимээгүй байдаг. Женко Х.Баттулгын хүн гэх тэрбээр улс төрийг хувийн бизнестээ ашигладаг гэх мэдээлэл ч бий.
- Д.Бадарсан нь Л.Гантөмөрийн үй, зайгүй найз бөгөөд Х.Нямбаатар түүнд Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчийн албан тушаалыг өгсөн. Бараг Х.Нямбаатарын орон тооны бус орлогч юм. Д.Бадарсан 2024 оны орон нутгийн сонгуулиар 16.7 мянган иргэний санал авч, НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Тэрбээр 2016 оноос хойш НИТХ-д төлөөлөгчөөр сууж буй нэгэн. Хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байх үед Сүхбаатарын дүүргийн засаг даргаар сонгогдож байв.
- Б.Эрдэнэсүх нь эхнэрээ 22 жилийн турш хүчирхийлсэн гэх хэрэгт нэр холбогдон хууль, хяналтын байгууллагаар шалгуулж буй учир усанд хаясан чулуу мэт алга болж, ажил нь эзгүй байгаа аж.
- О.Зундуйдорж нь 2024 оны ИТХ-ын сонгуульд Женко Х.Баттулга хамгийн олон хүнээ нэр дэвшүүлсний нэг нь О.Зундуйдорж. Тэрбээр НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас 8-р тойрог, Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж сонгогдсон. Цахим орчинд "MR DO " нэрээр ажилладаг. Тэгвэл түүнийг Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээмж хариуцсан менежерээр томилсон гэх мэдээлэл байна.
- Ганц эмэгтэй Б.Золтуяа нь Багахангай дүүргээс сонгогдсон бөгөөд 2025 онд түүнийг Ус сувгийн удирдах газрын дэд даргаар томилжээ.
Л.Оюун-Эрдэнэ АН-тай нийлж хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Иргэдийн шаардлагаар энэ Засгийн газрыг арай хийж тараасан байтал дороо гар барьцгаасан нь энэ. Албан тушаалд очсон АН-ын тавд нийслэлд хүний эрх зөрчигдөх, татвар нэмэгдэх, олон тэрбумаар бордюр солих, усны ундарга дээр байшин барих зэргийн аль ч хамаагүй байх нь аргагүй юм.