Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 10-ны бямба гарагт болно.
20 дахь жилдээ зохион байгуулж тус барилдаанд түрүүлж, үзүүрлэж байсан бөхчүүдээс улсын аварга гурав, гарди нэг, заан дөрөв, харцага хоёр, начин цолтой 12 бөх төрөн гарчээ. Шинэ оны анхны барилдаан гэдгээрээ онцлог тус барилдааныг анх 2006 онд зохион байгуулсан бөгөөд 2019-2021 онд коронавируст цар тахлын улмаас өнжсөн байна. Хамгийн анхны хоёр барилдаан буюу 2006, 2007 онд улсын начин Ш.Тогтохбаяр аймгийн арслан цолтойдоо дараалан түрүүлж байсан.
Өнгөрсөн жилийн барилдаанд аймгийн хурц арслан цолтой дөрвөн бөх их шөвөгт шалгарсан юм. Улмаар аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /улсын гарди/ түрүүлж, Д.Алтанцоож үзүүрлэн, хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар, аймгийн хурц арслан О.Наранбаатар /улсын харцага/ нар их шөвөгт үлдэж байв. Эл барилдаанд улсын харцага Ш.Мөнгөнбаатар хоёр түрүүлж, хоёр үзүүрлэсэн нь хамгийн өндөр амжилт юм. Тэгвэл улсын гарди Н.Өсөхбаяр харцага Ш.Мөнгөнбаатар, начин Ш.Тогтохбаяр, А.Алтанхуяг нар тус бүр хоёр түрүүлсэн байна. Харин түрүүлсэн бөхчүүдээс улсын цолонд хүрээгүй ганц бөх нь аймгийн хурц арслан Ө.Сүхбат юм.