УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ.
Хууль зүйн байнгын хорооноос тус зөвлөлийн гишүүнийг томилох ажлын хэсэг гарган сонсгол зохион байгуулсан юм. Нийт 24 хүн материалаа ирүүлснээс ажлын хэсэг Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал, Ц.Жавхлантөгс, Ч.Өнөржаргал нарыг сонгон нэр дэвшүүлсэн юм. Улмаар нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулсан.
Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тэднийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр тосмлохоор хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжсэн. Харин Ц.Жавхлантөгс, Ч.Өнөржаргал нарыг тус зөвлөлийн гишүүнээр томилохоос татгалзсан юм. Хуулийн дагуу Байнгын хороо дэмжсэн нэр дэвшигчдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлдэг. Үүний дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тэднийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжлээ.