“Эрүүгийн хуулийн 13.14 заалт нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар унагалаа /ВИДЕО/

“Эрүүгийн хуулийн 13.14 заалт нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар унагалаа /ВИДЕО/

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14.1 буюу "Худал мэдээлэл тараах" заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Үндсэн хуулиар хамгаалагдсан нэг эрхийг нөгөө эрхээс дээгүүр тавих гэдэг юм уу илүүд үзэх зүйл явчих уу гэж хэлмээр байна. Асуудлын цаад талын үр дагавар ноцтой. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах гэсэнгүй. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь хэн нэгнийг гүжирдэж гүтгэхээс ялгаатай. Тийм ч учраас хардахаас илүү нотолгоо баримтад түшиглэсэн эрэн сурвалжлах сэтгүүл зүй бий. Үүнд дээр суурилж ажиллах ёстой. Эрүүгийн хуулиар хүний нэр төр, алдар хүндийг хамгаалдаггүй хичнээн орон байдаг юм бэ. Сошиалаар хүн доромжилж, гүтгэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд юу гэж харж байгаа вэ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Гүтгэх асуудал хуульчлагдсан байдаг уу гэдэг судалгааг Цэцэд өгсөн. Ардчилсан гэх бүр улсад хүний нэр төр, алдар хүнд эрүүгийн хуулиар хамгаалагддаг. Тэр дундаа ардчиллын загвар болгодог Франц, Герман улс хорих ялтай. Норвеги 12 мянган еврогийн торгуультай. Манай улс Эрүүгийн хуулиар хорьдоггүй. Харин 450 мянгаас 1.3 сая төгрөгөөр торгох шийтгэлтэй. Хорих ял, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж болохгүй. Торгох ял нь боломжит бага хэмжээндээ байна шүү гэж байгаа юм. Торгуулийг нэмбэл Үндсэн хуулийг дахин зөрчсөн гэж үзнэ шүү гэж байх шиг байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг нэлээн нухацтай авч үзэх ёстой. Нэр нүүрээ нуусан ямар этгээд сошиалд байгааг мөрдөх байгууллага олж тогтоодог юм. Энэ хаягны цаана нэр нүүрээ нуусан этгээдийн хариуцлагыг хэн үүрэх, үүрэхгүй мэдэх юм алга. Гэхдээ энэ удаан явахгүй. Нийгмийн ёс суртахууныг хамгаалах чинь төрийн үндсэн үүрэг. 

Гүтгэхийг 2020 оны дөрөвдүгээр сард илт худал мэдээлэл гэж гэмт хэрэг болгон өөрчилсөн. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шаардлагаар шүү. Үүний гороор маш олон сэтгүүлч мэргэжлийн алдааныхаа гороор Эрүүгийн ял зэм хүртэх нүгэлийг хийсэн юм. Тухайн үед буруу гэдгийг хэлсэн. Бусад улс оронд мэргэжлийн алдааг эрүүлжүүлдэггүй. Зориуд санаатай  гутаах зорилгоор гүтгэлгийг тарааж байгаа сүбьектив санаа сэдлийг тогтоож байж эрүүгийн хариуцлагыг ярьдаг. Тэр зааг ялгааг ялгах боломжийг илт худал мэдээлэл тараах энэ гэмт хэрэг олгохгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй санал нэг байгаа юм. Хоёрт, Нийтийн албан тушаалтан илүү тэвчээртэй байна шүү. Гомдол маргаан гаргаад байдаг асуудлаар илүү хүлцэнгүй, тэвчих ёстой шүү гэдэгтэй мөн би санал нэг байдаг. Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэгтэй нь холбоотой нь хардсан сэрдсэн саналыг гүтгэхэд тооцохгүй гэдэг тайлбар оруулъя гэдэг хуулийн төслийг санаачилж байсан. Хуулийн этгээдтэй холбоотой саналыг Цэцийн дүгнэлт мөн хөндсөн. Төрийн байгууллага нэр төрд халдлаа гэж гомдоллох эрхгүй шүү гэдгийг Цэц мөн хэлж өгсөн байна. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Илтэд худал мэдээлэл тараах гээд Эрүүгийн хуулийн 13.14 дахь заалтыг хоёр жилийн турш ярьж байна. Аргагүй сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байдаг юм билээ. Тиймээс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөмжид сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шийтгэхээ больж, Иргэний хэрэгт оруулаачээ гэдэг юм билээ. Хүний эрхийн үндэсний комисс ч ингэж үздэг юм билээ. Нийтийн албан тушаалтны тухай ярьж байна. Явж, явж энэ нь тэд нарын хүлцэх үүргийн тухай асуудал болж хувираад байгаа юм. Бид гүтгэлгийн хонгилоор чирүүлж байгаа ч бид нийтийн албан тушаалтан учир хүлцэхээс өөр замгүй. Тэгэхээр аль эрх нь чухал вэ. Иргэний болон Олон улсын факт, Үндсэн хуулиар хүний үг, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг зааж өгсөн. 

Эцэст нь уг асуудалтай холбогдуулан дөрвөн саналын томъёоллоор санал хурахаад санал хураалтад оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй, унагалаа. Үргэлжлүүлэн уг дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. 

ВИДЕО: