Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Cante" шөнийн цэнгээний газарт өнгөрсөн долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө болсон зодооны хэрэг өдгөө ч олны анхаарлыг татсан сэдэв хэвээр байна.
ВИДЕО: Хэргийн газрын дүрс бичлэг
Тус хэрэгт нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татан, заримыг нь цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй. Хамгийн сүүлд буюу энэ сарын 10-ны /2025.09.10/ өдөр тус зодооны хохирогч гэгдэж байсан Д.Саяннямбууг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Харин хохирогч гэх Д.Саяннямбууг яагаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох санал гаргав гэдэг нь олон хүний анхаарлыг татсан. Тэгвэл түүнийг дээрх зодооны үеэр бусдын биед гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл ангиар яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаатай холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурор шүүхэд хүргүүлсэн аж. Тэгвэл зодооны үеэр Д.Саяннямбуугийн биед халдсан хүмүүс түүний хохирлыг барагдуулж, 1 тэрбум гаруй төгрөг өгсөн байж магадгүй байна.
Тодруулбал, энэ талаар нэр бүхий өмгөөлөгч цахим сүлжээндээ "Зодуулсан хүүгээ 1.5 тэрбум төгрөгөөр зарчихаж байгаа юм уу хэмээн эхнэр уурлаад байгаа тул нэмээд мөнгө өгчих" гэж мөнгө нэхсэн гэх агуулгатай зүйлийг нийтэлсэн байв.
Нөгөөтээгүүр, хохирогч гэгдэж буй Д.Саяннямбуугийн аав С.Дашзэвэг "Хүүгийн биед халдсан хүмүүс эцэг, эхчүүд нь ирж уучлалт гуйсан. Эмчилгээнийх нь зардал зэргийг өгсөн" гэх мэдээллийг олон нийтэд өгсөн юм. Эдгээрээс үзвэл магадгүй Д.Саяннямбуугийн хохирлыг барагдуулж, 1.5 тэрбум төгрөг өгсөн ч нэмж, мөнгө нэхсэн байж магадгүй байна.