АНУ-ын Юта мужид ерөнхийлөгч Д.Трампын тууштай дэмжигч, консерватив үзэлтэн Чарли Киркийг Utah Valley их сургуулийн кампус дээр илтгэл тавьж байхад нь буудаж хөнөөсөн хэргийн сэжигтнийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээлсэн байна.
ВИДЕО:
Өчигдөр /2025.09.11/ Холбооны мөрдөх товчооны тусгай төлөөлөгч Роберт Болес аллагын байж болзошгүй зэвсгийг олсон гэж мэдэгдээд энэхүү галт зэвсгийг халдлага үйлдсэн этгээдийн оргон зайлсан газрын ойролцоох ой модон дотроос олдсон. Зэвсгийг шинжилгээний лабораторид хүргэж, улмаар галт зэвсгийг импортоор оруулж ирсэн 30-06 калибрын Маузер загварын винтов байсан гэдгийг тогтоосон гэжээ. Мөн шүүх эмнэлгийн шинжээчид сэжигтний гутлын хээ, гарын хээ зэргийг олсон байна.
Юта мужийн Олон нийтийн аюулгүй байдлын газрын комиссар Бо Мэйсон сэжигтэн оюутны хотхоны эргэн тойронд ямар нэгэн хөдөлгөөн хийсэн нь тогтоогдсон. Сэжигтэн этгээд орон нутгийн цагаар 11:52 цагт оюутны хотхонд ирсэн байна. Түүнчлэн тэрээр барилгын дээвэр рүү шат ашиглан гарч, буудлага хийсэн цэг нь хүртэл хяналтын камерын бичлэгээр үлдсэн гэжээ.
Ингээд Чарли Киркийг үхэлд хүргэсэн байж болзошгүй хүний зургийг тарааж, тус этгээдийн мэдээллийг өгсөн хүнд 100 мянган ам.долларын шанг амлажээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Чарли Киркийг эрх чөлөөний медалиар шагнахаа зарлаж, 9 дүгээр сарын 11-ний өдрийн арга хэмжээгээ түүнд хүндэтгэл үзүүлэх үгээр эхлүүлсэн байна. Д.Трамп хэлсэн үгэндээ, “Бид түүгээр маш ихээр дутна. Гэхдээ Чарлигийн залууст, олон мянган хүнд урам зоригийг суулгаж өгсөн дуу хоолой нь үргэлжлэн амьд хэвээр байх болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.
Эх сурвалж: BBC