"Сибирийн хүч-2" хийн хоолой барих Орос, Хятадын "санамж бичиг"-ийг манай зарим дарга гэрээ байгуулсан мэт "хөөрцөглөн" хүлээж авав

"Сибирийн хүч-2" хийн хоолой барих Орос, Хятадын "санамж бичиг"-ийг манай зарим дарга гэрээ байгуулсан мэт "хөөрцөглөн" хүлээж авав

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятадын Тяньжин хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад ажиглагчийн статустайгаар оролцсон бол, Ерөнхий сайд Г.Занданшатар Оросын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн арав дахь чуулга уулзалт оролцлоо. 

Эдгээр уулзалтаар Монгол Улсын нутгаар дамжуулан Оросоос Хятадад хүргэх “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл яригдсан. Тухайлбал, Хятадад болсон ШХАБ-ын дээд хэмжээний үеэр “Сибирийн хүч-2” хийн хоолойг барих Хятад, Оросын “санамж бичиг” зурагдсан. Энэ талаар Газпром компанийн захирал Алексей Миллер Хятад руу чиглэсэн “Сибирийн хүч-2” хийн хоолой барих тухай хууль ёсны хүчинтэй санамж бичигт гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн талаар BBC агентлаг мэдээлсэн. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн чуулганд оролцож, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзахдаа, “Сибирийн хүч-2 төслийн хэрэгжилт эхлэх гэж байна. Энэ томоохон төслийг бодит ажил хэрэг болгохын төлөө таны гаргасан хүчин чармайлтад чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн мэдэгдсэн байгаа юм. 

-“ТУРКМЕНСТАНЫ “D ШУГАМ”-Д НОГООН ГЭРЭЛ АСААСАН” ГЭЖ БАЙВ-

Дэлхийн нөхцөл байдал хурцадмал байгаа ийм цаг үед Оросын хий хоолой Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх нь зөв үү гэдэгт олон хүнд эргэлзэж байгаа гэхэд болно. Нөгөөтэй “Сибирийн хүч-2” хийн хоолой асуудлаар яриа хэлэлцээр болж байгаа анхны тохиолдол энэ удаагийнх биш. 

Тухайлбал, 2019 оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хийн хоолойг Монголоор дамжуулах боломжтой эсэхийг судлах үүргийг холбогдох албаныхандаа өгсөн. Ингээд 2019 оны арванхоёрдугаар сард Газпром компанийн тэргүүн Алексей Миллер, Шадар сайд Ө.Энхтүвшин нар "Оросын хийг Монголын нутгаар дамжуулан Хятадад нийлүүлэх боломжийн талаар хамтарсан үнэлгээ хийх тухай санамж бичиг"-т гарын үсэг зурсан. Харин 2022 оны нэгдүгээр сард ОХУ-ын Газпром компанитай хийн хоолойн ТЭЗҮ-г эцэслэсэн тухай “тэмдэглэл”-д С.Амарсайхан гарын үсэг зурсан байдаг. 

Шадар сайд асан Ө.Энхтүвшиний байгуулсан санамж бичиг

Харин олон улсын хэвлэлүүдэд гарч буй мэдээллээс харахад, “Сибирийн хүч-2” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх талаар Хятадын дарга Ши Жиньпин тодорхой шийд өгөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн гэдэг.

Жишээ нь,  2023 оны аравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад хийсэн айлчлалынхаа үеэр Хятадын дарга Ши Жиньпинийг “найз минь” хэмээн нэрлэж, хоёр орны харилцааг “агуу хэтийн төлөвтэй” хэмээн тунхагласан ч Хятадын эрх баригчид Оросын “Сибирийн хүч-2” байгалийн хийн нэмэлт нийлүүлэлтийн гэрээнд гарын үсэг зураагүй байдаг. Энэ талаар В.Путины хэвлэлийн төлөөлөгч Д.Песков, “ямар ч баримт бичигт гарын үсэг зурахгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Харин “Сибирийн хүч-2” төслийн оронд Туркменстанаас 30 тэрбум шоо метр импортлох “D шугам” төсөлд Хятад улс ногоон гэрэл асаасан талаар Ройтерс агентлаг мэдээлж байв.

-ЗААВАЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭРЭЭ БИШ, ИТГЭЛ ИЛЭРХИЙЛЭХ САНАМЖ БИЧИГ-

Тэгвэл сүүлийн зургаан жилийн хугацаанд нийт гурван удаа болж байгаа ШХАБ-ийн дээд хэмжээний уулзалтаар “Сибирийн хүч-2” төсөл тогтмол яригдаж ирсэн. Тодруулбал,  2019 онд Киргизийн Бишкек хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жинь Пин хэлэхдээ, “Монгол Улсын нутгаар дамжуулан Хятад улсыг холбосон нефть, байгалийн хийн хоолой барих тухай Монголын саналыг чухалчлан үзэж буйгаа илэрхийлж. Энэ асуудлаар гурван тал үргэлжлүүлэн ярилцаж, төслийн техник эдийн засгийн үндэслэлийг ул суурьтай судлахыг санал болгосон” байдаг. 

Харин 2022 онд Узбекистаны Самарканд хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,Орос, Монголын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж төслийн ТЭЗҮ, байгалийн хийн хоолой нийлүүлэх Монгол Улсын нутгаар дамжин БНХАУ-д хүрэх маршрутын талаар зохих ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Гурван улсын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нэн чухал бөгөөд энэхүү томоохон төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт Монголын тал итгэл дүүрэн байна” хэмээн мэдэгдэж байв. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар “Хятад руу чиглэсэн Сибирийн хүч-2 хийн хоолойг барих тухай хууль ёсны хүчинтэй санамж бичигт гарын үсэг зурж, мөн одоо ажиллаж буй “Сибирийн хүч-1” хоолойгоор жилд нийлүүлэх байгалийн хийн хэмжээг 38-44 тэрбум куб метр болгон нэмэгдүүлэхээр Орос, Хятад улсууд тохиролцсон гэж олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. 

Санамж бичиг гэдэг бол заавал хэрэгжүүлэх гэрээ биш, харин хамтын ажиллагааны чиг хандлага, улс төрийн итгэлийг илэрхийлдэг. Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатар, “Орос, Хятадын хамтарсан “Сибирийн хүч-2” газын хоолойн төсөл Монгол Улсын газар нутгаар дайран өнгөрөхөөр тохиролцсоныг албан ёсоор мэдэгдье” гэсэн юм.

-САНАМЖ БИЧГИЙГ ЖИНХЭНЭ ГЭРЭЭ ГЭЖ ҮЗЭХЭД ЭРТ БАЙНА-

“Сибирийн хүч-2” хэмээх төсөл нь 50 тэрбум шоо метр хүртэлх хийг Оросын Арктик дахь Ямалийн хойгоос Монголын нутгаар дайруулан барьсан 6000 километр хоолойгоор Хятадын өмнөд нутагт нийлүүлэх төсөл юм. Харин тус хийн хоолойг газар нутгаараа дамжуулсны төлбөрт Монгол Улс ОХУ-ын төрийн өмчит Газпром компаниас олон тэрбум ам.долларын төлбөр авах ёстой. Гэтэл 2019 оноос эхэлсэн “санамж бичиг”-үүд өнөөдрийг хүртэл бараг 6 жилийг турш яригдсан ч, техникийн болон санхүүгийн эцсийн гэрээ хараахан байгуулагдаагүй байгаа юм.

Үнэндээ, “Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эсэхийг Орос биш Хятад шийдэх ба одоог хүртэл тус хий хоолой нь Хятадад хэрэгтэй эсэх нь тодорхойгүй байгаа гэдэг. Тодруулбал, 60 тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-1” хий хоолой 2019 онд ашиглалтад орсон ч, бүрэн ашиглахгүй өнөөдрийн хүрсэн бөгөөд өнгөрөгч долоо хоногт болсон ШХАБ-ын уулзалтаар л “Сибирийн хүч-1” хоолойгоор жилд нийлүүлэх хийн хэмжээг 38-44 тэрбум куб метр болгон нэмэгдүүлэхээр тохиролцсон гэж байгаа. 

Учир нь улс нь өөрийн хийн олборлолт болон Катар, Алжир, Казахстанаас их хэмжээний байгалийн хий авч байгаа гэдэг. Иймд “Сибирийн хүч-2”-ын талаар байгуулсан олон "санамж бичиг"-үүд нь төслийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд хийж буй итгэлцэл, улс төрийн уур амьсгалыг бэхжүүлэх алхамууд гэж үзэж болох ч, жинхэнэ гэрээ, хөрөнгө оруулалтын эцсийн шийдэл болсон гэж үзэхэд эрт байгаа юм.