Өнөө шөнө Булганы нутгаар, 13-ны өдөр Хэнтий, Сүхбаатарын нутгаар, 14-нд Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо тариа, будаа хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор өдөртөө Хангай, Хөвсгөл,Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.