АНУ-ын цагаачлалын байгууллагын томоохон ажиллагааны үеэр саатуулагдсан Өмнөд солонгосын 316 иргэн өчигдөр /2025.09.11/ эх орондоо буцсан байна. Тэд Солонгосын “Korean Air” компанийн онгоцоор Атланта хотын Хартсфилд-Жексон олон улсын нисэх буудлаас хөөрч, өнөөдөр /2025.09.12/ 15:00-16:00 цагийн хооронд Инчоны олон улсын нисэх буудалд газардахаар төлөвлөгджээ.
Эдгээр ажилчид нь Жоржиа мужийн Брайан тойрогт баригдаж буй Hyundai Motor Group болон LG Energy Solution компанийн хамтарсан цахилгаан автомашины батарейны үйлдвэрийн барилгын талбайд хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Цагаачлал ба Гаалийн байгууллагаас явуулсан нэгжлэгийн үеэр саатуулагдсан юм.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны зүгээс идэвхтэй оролцож, консулын баг дэмжлэг үзүүлсэн бөгөөд эцэст нь ажилчид “албадан гаргалт”-аас зайлсхийж, “сайн дурын буцах” шийдвэр гаргасан байна. Гэсэн ч нэг иргэн АНУ-д үлдэж, хууль ёсны оршин суух эрхийн төлөө тэмцэхээр шийдсэн бөгөөд түүний гэр бүл бүгд “green card”-тай ажээ.
Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Пак Юн-жү ажилчдыг дагалдан эх оронд нь буцаж буйгаа мэдэгдээд, “Олон хүний хүчин чармайлтын үр дүнд иргэд маань аюулгүй буцаж байгаад баяртай байна. Тэдний гэр бүлүүдийн санаа зовнилыг ойлгож, бид ихэд хичээн ажилласан” гэж ярьжээ.
Гэвч энэхүү хэрэг явдал хоёр улсын харилцаанд сөрөг дохио өгч байгаа талаар ажиглагчид анхааруулж байна. АНУ-ын талаас ажилчид богино хугацааны B-1 виз болон визгүй зорчих хөтөлбөрөөр орж ирээд хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гэж мэдэгдсэн. Гэвч Өмнөд Солонгосын хэвлэлүүд, олон нийт АНУ-ын холбоотны итгэлцлийг сэвтээсэн үйлдэл хэмээн шүүмжилж байгаа юм.
Эх сурвалж: BBC