Х.Нямбаатар “Сэлбэ дэд төв”-ийг БНХАУ-ын зээлээр санхүүжүүлж, Хятадын компаниудаар бариулах гэж байна

Х.Нямбаатар “Сэлбэ дэд төв”-ийг БНХАУ-ын зээлээр санхүүжүүлж, Хятадын компаниудаар бариулах гэж байна

Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл” бонд гэх 500 сая ам.долларын өрийн бичгийг олон улсад хаалттай арилжаалж Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлж, эхлүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайг чөлөөлж, 10063 айлын 113 блок орон сууц барихаар дөрвөн багц тендер зарлахаар төлөвлөсөн. Тэгвэл эхний ээлжинд 4362 айлын орон сууцыг барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах 827 тэрбум төгрөгийн төсөвтэй Багц-1, Багц-2 тендерийн үр дүн гараад байна.  

-МОНГОЛД ТЕНДЕР АВЧ, АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН ТУРШЛАГАГҮЙ ХОЁР ХЯТАД КОМПАНИ ШАЛГАРЧЭЭ-

Эл хоёр багц тендерт нийт 14 компани үнийн санал ирүүлснээс Монголд ажил гүйцэтгэж, тендерт шалгарч байсан туршлагагүй хоёр хятад компани шалгарчээ.

Тухайлбал, Багц-1 буюу 373 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт Си Эс Эм Си ХХК 373 тэрбум төгрөгийн үнийн санал хүргүүлж шалгарсан байна. Харин Багц-2 буюу 453 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерт China Construction Sixth Engineering Bureau Corp Ltd ХХК 448 тэрбум төгрөгийн үнийн санал хүргүүлж шалгарсан байна.

Хэдийгээр Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг Хятад улсын зээлээр хийж байгаа ч дотоодын компаниуддаа боломж олгож болохгүй байсан гэж үү, хотын дарга аа. Газар чөлөөлж, гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах ажлыг эхлүүлж байгаа нь сайшаалтай ч зорилго нь аргаа зөвтгөдөггүй гэдэг. Хамгийн ноцтой нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас энэхүү бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулахдаа өндөр босго тавьж дотоодын аж ахуй нэгжүүдэд оролцох боломжийг хаасан байна.

-ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ДОТООДЫН КОМПАНИ ОРОХ ГЭХЭЭР ШАЛГУУР ӨНДӨР ГАДНЫ КОМПАНИД ЗОРИУЛСАН  ТЕНДЕР ЗАРЛАДАГ БОЛЖЭЭ-

Энэ талаар УИХ-ын өчигдрийн /2025.05.15/ чуулганы үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан асуудал дэвшүүлсэн. Тэрбээр “Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай холбоотойгоор дотоодын аж ахуйн нэгжүүдийг ажлаар хангахгүй, шалгуурыг нь албаар өндөр тавьж гадны компаниудыг оруулж ирж байна гэсэн иргэдийн шаардлага УИХ-д ирсэн. Ер нь тэгээд аж ахуйн нэгжүүд чинь цаашид яаж амьдрах юм бэ. Ихэнх ажлыг нь төр булааж аваад хийчихдэг. Томоохон бүтээн байгуулалтын ажил гарч ирээд тендерт нь оролцьё гэхээр шалгуурыг нь өндөр тавиад, гадны компанид зориулсан тендер зарлачихдаг. Тэгэхээр ер нь монголд дотоодын аж ахуйн нэгж гэж байх юм уу. Улаанбаатар хот үүн дээр яаж анхаарах гэж байна” хэмээн ярьсан байна.    

-МОНГОЛЫН 5000 ОРЧИМ БАРИЛГЫН КОМПАНИ НИЙЛЭЭД Ч ЭНЭ ТЕНДЕРТ ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ БАЙСАН- 

Нийслэлээс зарласан тендерийн шалгуур хэт өндөр байсан гэдгийг Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар /2025.04.28/ хэвлэлийн хурал хийж мэдээлж байсан. Тэрбээр “Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор хорооллын тендерийг хоёр үе шаттайгаар зарласан ч монгол компаниуд оролцох боломжгүй болгосон байна. Тендерийн нийт дүнг хэт өндөр тогтоосон. Мөн тендерийг бүхэлд нь нэг багцаар зарласан нь үндэсний компаниудын оролцоог хааж байгаа хэрэг. Хэсэгчлэн хувааж зарласан бол олон компани хамтран оролцох боломжтой байлаа. Тендерийн шаардлагадаа 2020-2023 оны аль нэг жилд 130 тэрбум төгрөгөөс дээш орлоготой ажилласан байх ёстой гэсэн. Гэтэл цар тахлын дараах эдийн засгийн хямралаас үүдэн энэ салбар хүнд нөхцөлд орсон. Тендерт гадаадын компанийг оролцуулах боломжийг нээсэн бөгөөд урьдчилгаа төлбөр олгохоор тусгасан. Харин монгол компаниуд банкнаас 30 хувийн зээл авч байж оролцдог, урьдчилгаа төлбөр бараг олддоггүй. Монголын 5000 орчим барилгын компани нийлээд ч энэ тендерт оролцох боломжгүй байдалд байгаа” хэмээн эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан билээ.