Хоёр жилийн хорих ял шийтгэгдэж, гурван сар хоригдож буй Б.Энх-Амгалангийн эрүүл мэнд хүндэрчээ

Хоёр жилийн хорих ял шийтгэгдэж, гурван сар хоригдож буй Б.Энх-Амгалангийн эрүүл мэнд хүндэрчээ

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцээд З.Энхболдод холбогдох хэргийг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон. 

Шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор Б.Энх-Амгалан өдгөө ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм. Тэгвэл түүний эрүүл мэндийн байдал хүндэрчээ. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болж байгаа хурлын үеэр Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч мэдэгдэв. Тэрбээр "Миний үйлчлүүлэгч Б.Энх-Амгалан болон миний хувьд шүүх хурлаа хурдан хийлгэх хүсэлтэй байна. Учир нь миний үйлчлүүлэгч гурван сарын хугацаанд цагдан хоригдсон. Эрүүл мэндийн нөхцөл байдал нь хүндэрсэн байгаа" гэлээ.