Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас Монгол Улс болон БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр, “Монгол Улс болон БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил бол 16 жил гацсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ч өмнөх асуудал. Харин уг төслийг хоёр тал хэлэлцэж, шийдвэрлэе гэж хөдөлгөсөн. Улмаар олон улсын гэрээ байгуулах шийдвэр гаргасан байдаг. Тус гэрээг өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын Харбин хотноо тухайн үеийн Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн яамнаас миний бие гарын үсэг зурсан. Хятадын талаас "Чайна энержи" компанийн удирдах зөвлөлөөс ирсэн байдаг. Гэрээ нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх, хил дамнасан төмөр замыг холбох зорилготой. Улмаар олон улсын гэрээ өнгөрсөн гуравдугаар сарын 27-ний өдөр УИХ-ын чуулганаар батлагдсаны дагуу дараа дараагийн компаниудтай гэрээ байгуулах ажил үлдсэн. “Чайна энержи” компанитай Эрдэнэс Тавантолгой компани нүүрс экспортлох тал дээр гарын үсэг зурсан. Улмаар төмөр зам барих тендер зарлаж, хоёр компани материалаа өгсөн. Хоёр компани 903 тэрбум болон 848 тэрбум төгрөгийн санал өгсөн. Тэгэхээр хил дамнасан төмөр замын ажил 848 тэрбум төгрөгөөр бүтэж байна гэсэн үг. БНХАУ-ын тал өөрийн хил хүртэлх талын зардлыг өөрсдийн мөнгөөр хийж байгаа. Өнгөрсөн баасан гараг өдөр Зам тээврийн яамтай хамгийн сүүлийн санхүүжилтийн гэрээг байгуулсан. Өнөөдрийн байдлаар хил дамнасан төмөр замын ажил тасралтгүй үргэлжилж байна. Нийт 2341 баганан суурь босгохоос 114 нь боссон байна. Хугацаанаас нь өмнө дуусгах төлөвлөгөөтэй байгаа" гэв.
ШУУД ҮЗЭХ: