Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам өнгөрөгч долоодугаар сарын 29, 30-ны өдрүүдэд өргөн дэлгэр болж өндөрлөсөн. Тус баярын наадмын үндэсний бөхийн барилдаанд тус аймгаас төрсөн энэ цагт барилдаж буй Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат гэсэн гурван аварга тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 256 бөх зодоглосон юм.
Харин хүчит 256 бөхийн барилдаанд найм давж, түрүүлсэн Дархан аварга Н.Батсуурьд LEXUS-600 маркийн автомашин гардуулсан бол Үзүүрлэсэн бөх Улсын заан Б.Бат-Өлзий гурван өрөө байраар шагнуулсан. Мөн тус баяр наадмын их шөвгийн дөрөвт шалгарсан Улсын аварга П.Бүрэнтөгсийг хоёр өрөө байр, Улсын гарьд Ө.Бат-Оршихыг нэг өрөө байраар шагнасан.
Тэгвэл Дархан аварга Н.Батсуурь Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмын түрүү бөхийн бай шагнал болох LEXUS-600 маркийн автомашинаа, өөрийг нь олон дэмжиж ирсэн “Химон констракшн” компанийн захирал Ш.Энхтөрд бэлэглэжээ.
Учир нь Дархан аварга Н.Батсуурь 2010 он буюу Аймгийн начин цолтой байхаасаа эхлэн “Химон констракшн” компанийн бөх хэмээн цоллуулсан бөгөөд өнөөдөр ч тус компанийн нэр дээр барилддаг гэдэг. Тэгвэл Дархан аварга Н.Батсууриас бэлгэд авсан ногоон өнгөтэй LEXUS-600 маркийн автомашинаа “Химон констракшн” компанийн захирал Ш.Энхтөрд 00-10 У** гэсэн дугаартайгаар хөлөглөх болжээ.
Сонирхуулахад, Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад 7 тэрбум гаруй төгрөгийн хандив цугласан гэдэг бөгөөд түрүү бөхийн бай шагналыг “Дөнөн хөх групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Батсүх, Б.Мядагмаа нарын гэр бүлээс ивээн тэтгэсэн байдаг.