"Оскар"-ын наадмын урьдчилсан шалгаруулалтад Монголоос оролцох киног бүртгэж эхэлжээ

"Оскар"-ын наадмын урьдчилсан шалгаруулалтад Монголоос оролцох киног бүртгэж эхэлжээ

Америкийн кино академиас зохион байгуулдаг 98 дахь удаагийн "Оскар"-ын наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол улсыг төлөөлөн оролцох кино бүтээлийг сонгон шалгаруулахаар бүртгэлийг эхлүүлжээ. 

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл 2024-2025 онд бүтээгдсэн монгол кинонуудаас нэг бүтээлийг тус наадмын “Олон улсын шилдэг кино” төрлийн урьдчилсан сонгон шалгаруулалтад явуулах юм. Шалгаруулалтад нэр дэвшүүлэх бүтээлүүдийг ирэх сарын 22-ныг хүртэл цахимаар бүртгэнэ. Ингэхдээ Монгол улсад өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс 2025 оны есдүгээр сарын 30-ны хооронд ашгийн зорилгоор долоо хоногоос багагүй хугацаанд кино театрт гарсан байх шаардлага тавих аж. Мөн 40 минутаас дээш үргэлжлэх хугацаатай, киног бүтээхэд монгол уран бүтээлчид голлох үүрэгтэйгээр оролцсон, кино театрын үзвэрийн өмнө эсвэл тухайн үед олон нийтэд хүрээгүй байх шаардлагатай гэжээ. Сонирхуулахад, "Оскар"-ын шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сарын 15-нд АНУ-ын Лос Анжелес хотноо болох бөгөөд 96 дахь удаагийн наадмын урьдчилсан шалгаруултад Монголыг төлөөлөн оролцох киногоор "Сэр сэр салхи" шалгарч байв.