Хотын дарга Х.Нямбаатар болон Улаанбаатар хотын ерөнхий менежер нарын тушаал, захирамжаар өнгөрсөн онцгой, цагдаа, нийслэлийн засаг даргын тамгын газрын ажилчин гээд 1000 гаруй ажилтанг амралтын өдөр амраахгүйгээр эзэнгүй нохой, муурыг үргээж барих ажилд дайчилсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
-ЭЗЭНГҮЙ НОХОЙ, МУУРЫГ БАРИХ АЖИЛД 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВЛӨЖЭЭ-
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын “Орчны аюулгүй байдлыг хангах” арга хэмжээ зохион байгуулах тухай А/357 дугаар захирамж болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн "Эзэнгүй нохой, муур барих нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах” тухай А/50 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд дөрөвдүгээр сарын 24-өөс 29-ний өдрүүдэд энэхүү ажлыг зохион байгуулж байгаа аж.
Түүнчлэн золбин буюу эзэнгүй муур, нохойны тоо толгойг бууруулахаар 2025 онд төсвөөс 1.3 тэрбум орчим төгрөг гаргаж нийслэлийн дөрвөн дүүрэгт тендер зарлажээ. Тухайлбал Баянзүрх дүүрэгт 450 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 642 сая төгрөг, Баянгол дүүрэгт 245 сая төгрөг, Хан-Уул дүүрэгт 143 сая төгрөгийн тендер тус тус зарласан байв.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олон ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар мянга гаруй төрийн албан хаагчид эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна” гэсэн юм.
- ЭЗЭНГҮЙ НОХОЙ МУУРЫН ТОО ТОЛГОЙГ БУУРУУЛАХ АЖИЛД “АЗТАЙ САВАР” ТББ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛСЭН Ч УБЗАА ХАРИУ ӨГӨӨГҮЙ-
Хамгийн ноцтой нь, 1.3 тэрбумын төсөвтэй эзэнгүй нохой муурын тоо толгойг бууруулах ажилд “Азтай савар” ТББ болон амьтан авран хамгаалагчид гар бие оролцох хүсэлтээ илэрхийлж, албан ёсоор хандсан ч Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хариу өгөөгүй аж.
Энэ талаар “Чукагийн асрамжийн газрын” админ К.Эрдэнэ-Оюун ярихдаа “Жилийн жилд эзэнгүй нохой муурны тоо толгойг бууруулах ажилд төрөөс хэдэн зуун сая төгрөг төсөвлөдөг ч дээрх ажлын үр дүн тодорхой бус байдаг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нохой, муурнуудад вакцин хийж, спей тавьж, түр асрах байранд хүргэж, эзэнжүүлнэ гэх мэдээлэл явж байсан. Гэвч хотын захиргаанаас өнөөдрийн байдлаар нэг ч амьтан аврагч, амьтны эмнэлэгтэй хамтран ажилласан зүйл алга. Он гарсаар албан ёсоор нохой муурны үржлийг хаах ажиллагаа явагдаагүй байна.
Амьтдыг аваачсан хашааны зургийг харахад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлалтай “Хар үнэгний аж ахуй” болох нь танигдсан. Тэнд жилийн жилд амьтдыг бөөнөөр нь аваачиж хөнөөдөг. Тэр түүх давтагдах бололтой” гэсэн юм.
-ЖИЛ БҮР ХЭДЭН ЗУУН САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖ, ХЭДЭН МЯНГААР НЬ АЛЖ УСТГАХ НЬ ИРГЭДИЙН, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ШИЙДЭЛ МӨН ҮҮ-
Улаанбаатар хотын захиргаанаас 2025.04.28-29-ний өдрүүдэд нохой устгалын ажил хийж байгаа тул “Богд” ууланд гарахгүй байх талаар өчигдөр иргэдэд зөвлөмж хүргүүлсэн.
Тэгэхээр чухамдаа эзэнгүй нохой муурны тоо толгойг бууруулах ажил гэдэг нь тэднийг хомроголон алж устгах, иргэдийн болон орчны аюулгүй байдлыг хангах нэрийдлээр хэдэн зуун сая төгрөг “халааслах” санаархал байхыг үгүйсгэх аргагүй юм.
Бид 1990 оны цагаан морин жил “Хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг бүтээнэ” гэж ардчилсан хувьсгал хийж байсан. Бид эх болсон зургаан зүйл амьтны тусын тулд хүнлэг энэрэнгүй байхыг сургадаг Буддын шашинтай ард түмэн. Тэгсэн атлаа яагаад “эзэнгүй”, “гудамжны”, “золбин” хэмээн хочлуулдаг амьд амьтдад ийм хүнлэг бус хандана вэ. Жил бүр хэдэн зуун сая төгрөг төсөвлөж, үй олноор нь амьтныг алж устгах нь иргэдийн, орчны аюулгүй байдлыг хангах шийдэл биш гэдгийг амьтны эрхийг хамгаалагч активистүүд хэлдэг. Харин эсрэгээрээ тэднийг хайрлаж, үржлийг нь хааж, амьтныг үржүүлж ашиг хонжоо ологчдод хариуцлага тооцож, амьтны эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулах ёстой гэдгийг хэлж байгаа юм
-АНУ-Д АМЬТНЫ ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН НЭГЭНД ЯЛЛАХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ-
Амьтны эрхийн өндөр мэдрэмжтэй АНУ гэхэд амьтдыг хамгаалах, амгалан тайван байдлыг сахиулах чиглэлээр тусгайлан ажилладаг хууль сахиулах ажилтнуудтай. Тэдгээр ажилтнууд нь хууль бус нохой зодоон, азарган тахиа зодолдуулах зэргээр ашиг олдог харгис хэргүүдийг шалгаж, төлбөр ногдуулж тэр ч бүү хэл малын эмчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг цуглуулж амьтны эсрэг хүчирхийлэл үйлдсэн нэгнийг яллахад шаардлагатай нотлох баримтыг цуглуулдаг байна.
-ТУРК УЛСЫН ДЭЛГҮҮР, РЕСТОРАНУУД ЗОЛБИН МУУР, НОХОЙНД ЗОРИУЛЖ ГАДНАА ХООЛ ХҮНС ОРХИДОГ-
Харин Турк улсад тэнэмэл амьтад, ялангуяа муур, нохойг халамжлах нь өдөр тутмын амьдралд гүн гүнзгий шингэсэн байдаг. Олон аж ахуйн нэгж, хотын захиргаа, хувь хүмүүс тэднийг хамгаалж, тэжээхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг байна. Дэлгүүр, ресторанууд ихэнхдээ золбин муур, нохойд зориулж аяга ус, хоол хүнс орхидог.Хотын захиргааны зүгээс албан ёсны тэжээлийн цэг, хоргодох байр, тэр байтугай мал эмнэлгийн үйлчилгээ вакцинжуулалт, ариутгалын хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Мөн хүн ардынх нь ухамсарт тэнэмэл амьтдад эелдэг хандахыг соёлын зан үйл гэж тооцдог бөгөөд иргэний ариун журам хэмээн хүлээн авдаг байна. Харин манай улсад эсрэгээрээ дарга нь тушаал гаргаж байгаад төрийн албан хаагчдаараа амьтан бариулж улмаар эзэнгүй хашаанд олноор нь аваачиж тамлах ажлыг хийж байна. Энэ бол зөв шийдэл биш бөгөөд амьтны эрхийн мэдрэмжгүй, хоцрогдсон арга барил гэдгийг амьтны эрх хамгаалагчид сануулж байгаа юм.