Г.Занданшатар Ерөнхий сайдын ажлаа ирэх намар нэр төртэйгөөр Н.Учралд хүлээлгэн өгч, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх төлөвлөгөөтэй байлаа

Г.Занданшатар Ерөнхий сайдын ажлаа ирэх намар нэр төртэйгөөр Н.Учралд хүлээлгэн өгч, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх төлөвлөгөөтэй байлаа

Г.Занданшатар эдийн засгийн үзүүлэлтийг бодитоор өсгөж, төсвийг эмхэлснийхээ дараа буюу ирэх намар Ерөнхий сайдын ажлаа нэр төртэйгээр Н.Учралд хүлээлгэн өгөх тухай мэдээлэл хэдхэн сарын өмнө улс төрд яригдаж байв. Тэрбээр 2026 оны намар ажлаа өгөөд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөх төлөвлөгөөтэй. Харин Н.Учрал Засгийн газраа тэргүүлж, 2028 оны УИХ-ын сонгуульд  намаа удирдаж орно гэж байлаа. Гэтэл өнөөдөр бодит нөхцөл байдал тэс өөрөөр эргэж, Г.Занданшатар салаа замын заагт хэрхэхээ мэдэхгүй зогсож байна.

-Н.УЧРАЛЫГ УИХ-ЫН ДАРГЫН АЖЛАА ӨГӨХГҮЙ БОЛ Х.ТЭМҮҮЖИНГИЙН АЛБАН БИЧИГ ДЭЭР ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛНА ГЭЖ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ МЭДЭГДЖЭЭ-

Учир нь намрын чуулганы төгсгөлд дэд сайд нарын томилгоог эсэргүүцэн Засгийн газрыг огцруулах бичигт 36 гишүүний гарын үсгийг цуглуулсан АН-ын бүлгийнхэн хаврын чуулганы эхэнд Н.Учралыг  “Таван намаас бүрдсэн парламентыг аль нэг намын дарга удирдах ёсгүй. Түүнийг УИХ- ын даргаасаа татгалзтал АН-ын бүлэг чуулганы хуралдаанд суухгүй” гэх шахалтыг үзүүлж эхлэв.

Хэрвээ шаардлага нь хангагдахгүй бол Х.Тэмүүжин гишүүний албан бичиг дээр огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлнэ гэдгийг тус намын дарга О.Цогтгэрэл нээлттэй мэдээлсэн.

Шахалтын үр дүн өнөөдрөөс гарч, Засгийн газрын сайд нарыг чөлөөлж, томилох танилцуулгыг сонсох чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй байх магадлал өндөр байна. Учир 42 суудалтай АН-ын бүлэг, нэмээд гомдогсод буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн талынхан, “Үндэсний эвсэл” нийлбэл чуулганы ирц бүрдэхээргүй байгаа юм. АН-ын энэ улс төрийг өнөөдөр олон янзаар тайлбарлах хүмүүс байна. Тодруулбал, тэднийг Н.Учралтайгаа тохирч, УИХ-ын даргаас нь буулгах замаар Г.Занданшатарыг шахаж байгаа гэх. Үр дүнд нь Н.Учралын Засгийн газарт хамтрах төлөвлөгөө  тэдэнд байж магадгүй тухай, мөн нөгөө талд МАН-ыг МАН-аар хөдөлгөж байна гэх яриа ч байна. Цаашлаад Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай нийлсэн Женкогийн тоглолтод орж, Засгийн газар, парламентыг бужигнуулах замаар сонгуулийн үр дүнг эрт гаргахаар ажиллаж байна уу ч гэх олон хардлага яригдаж байгаа юм. Гэхдээ аль нь байсан нь удахгүй тодорхой болно. Үүнд АН-ын дарга О.Цогтгэрэл ил манлайлж ажиллаж буй бөгөөд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх шахалтаар намын гишүүдээрээ дэмжүүлж байгаа тухай ч ярьж байна. Аль нь ч эл асуудал УИХ-ын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, иргэдэд хүлээлт үүсгэсэн Банкны хууль, Татварын багц хууль зэрэг чухал хуулиуд улс төрийн хөөсрөлд дарагдаж, гадаад нөхцөл байдалтай холбоотой хүндрэлүүдээ хэрхэх нь тодорхойгүй байдалд орох нь.

-Г.ЗАНДАНШАТАР БҮХ ТАЛААР БУУЖ ӨГЧ БУЙ БОЛ Н.УЧРАЛ ГЭДИЙЖ, ТЭД АСУУДЛАА ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА -

Гагцхүү одоо  МАН -ын дарга нар хоорондоо хэрхэн тохирч, ямар үйлдэл үзүүлэхээс ирэх өдрүүдийн улс төр шийдэгдэх нь. Саяхны мэдээллээр Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд бүх талаар бууж өгч, АН-ын Засгийн газрыг огцруулах шаардлагын хариуд дэд сайд нараа ч чөлөөлье, хариуцлагагүй ажилласан сайдуудаа ч явуулъя нэмээд агентлагуудаа ч явуулъя гэж байгаа. Харин УИХ-ын дарга Н.Учрал сайд нараас шүд сугалах замаар асуудал шийдэгдэхгүй, дэд сайд нартайгаа ажиллах нь зөв, эл томилгоог МАН-ын Удирдах зөвлөлөөр ярилцаж дэмжсэн учир болиулахдаа тулбал Удирдах зөвлөлөөр л ярилцах ёстой гэсэн гэх.

Түүний хувьд 68 гишүүндээ найдаж Засгийн газрыг тогтвортой байдлыг хангах замаар кабенитаа хамгаалах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй бол нөгөө талд Г.Занданшатар ганц, хоёр сайд сугалж гал намжаасан байдлаар хандаж байна. Гэхдээ түүний энэ үйлдэл хол явахгүй нь тодорхой байна.

Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөхөөс өөр сонголтгүй болбол намын даргын хариуцлагаа хүлээж Засгаа авахаас өөр аргагүй юм. Харин тэр тохиолдолд хэн дараагийн УИХ-ын дарга болох вэ гэдэг яриа ч аль хэдийн улс төрийн хүрээнд гараад байна.

Эл албан тушаал дээр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар тохироо хийхээр гүйж яваа гэх мэдээлэл ч байна. Хэрвээ тэд тохирч чадвал С.Амарсайханыг УИХ-ын даргад зүтгүүлнэ гэх. 

Эцэстээ хонь бүрэн, чоно цатгалан үлдэнэ гэвэл Г.Занданшатарыгаа яах вэ гэдэг л анхаарал татаж байна. МАН-ынхан дунд түүнийг намын дарга болгож Ерөнхийлөгийн сонгуульд өрсөлдүүлэх, Н.Учралыгаа Ерөнхий сайд болгох, УИХ-ын даргаа гомдогсдод өгөх хувилбараар тохирох хувилбар руу явах болов уу таамаг ч байна. Ямартай ч Засгийн газрыг огцруулах тухай яриа Төрийн ордонд бодитоор яригдаж эхэллээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө