Өнгөрөгч 2025 оны наймдугаар сарын 8-10-ны өдөр Хүй долоон худагт болсон “Их хурд-10” наадмын Их насны морьдын уралдаанд уяач Г.Чинзоригийн “Дөлгөөн халтар” гэх нэрээр хурдан морь сонирхогчдын андахгүй сайн мэдэх хурдан хүлэг түрүү магнайд хурдалж байлаа.
Гэвч барианд орсоных нь дараа ахин хэмжээд сэрвээний өндөр нь илүү гарсан гэх шалтгаанаар хассан байдаг. Ингээд аман хүзүүнд хуралдсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Манлай уяач Б.Ерөөлтийн халтар морийг түрүү магнайд барьсан юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Дөлгөөн халтар” морины эзэн, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Г.Чинзориг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрт хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, "Их хурд"-д түрүүлсэн "Дөлгөөн халтар"-ыг уралдаж ирснийх нь дараа хэмжилт хийж, сэрвээний өндөр илүү гарсан гэх шалтгаанаар "Монголын морин спорт уяачдын холбоо" хассан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрт хандсан байдаг. Энэ талаарх өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Улмаар Г.Чинзоригийн нэхэмжлэлтэй "Монголын морин спорт уяачдын холбоо" НҮТББ-д холбогдох хэрэгт Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитраас шинжээчийн баг томилогдон ажиллаж, “Дөлгөөн халтар” морины сэрвээний хэмжилтийг дахин хийсэн байна. Улсын томоохон наадмуудад Их насны морины сэрвээний өндрийг 141 см байхаар тогтоосон байдаг. Тэгвэл "Дөлгөөн халтар" морины сэрвээг Арбитр шүүхийн шинжээчийн баг хэмжихэд 138.3 см буюу хэвийн гарчээ. Харин "Монголын морин спорт уяачдын холбоо" НҮТББ шинжээчийн багийнхний сэрвээний өндөр хэмжсэн уг төхөөрөмжийг “шаардлага хангахгүй” гэх шалтгаанаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Бид шүүх хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.
Сонирхуулахад, Монгол Улсын алдарт уяач Г.Чинзоригийн "Дөлгөөн халтар" нь Улсын наадамд соёолондоо түрүүлж, Их насны уралдаанд хоёр удаа аман хүзүү, нэг үзүүрлэж байсан байжээ. Өөрөөр хэлбэл, “Их хурд-10”-аас өмнө улс, бүсийн олон наадамд уралдаад сэрвээнийх нь өндөр стандартад тэнцэж, дээрх амжилтыг гаргаж байсан гэсэн үг юм.