“Хотын бүсгүй хөдөө нутагт” нэвтрүүлэгт оролцож “Намайг гэрийн ажилд муу болохоор хадмууддаа хөөгдөж магадгүй. Тийм учраас машин авч өгнө. Гологдвол машинаа унаад ирнэ биз гэж аав минь хэлсэн” хэмээн ярилцлага өгч, олны хайрыг татсан бүсгүйг М.Намуунаа гэдэг. Тэрээр МУБИС-д англи хэлний багшийн ангийн төгсөх дамжааны оюутан. Айлын ганц охин тэрээр багаасаа л эрх танхи өссөн ч “Аав ээж маань намайг зөв эрхлүүлж, сайн хүн болгосон” хэмээн ярих М.Намуунаатай бид энэ удаа ярилцлаа.
ВИДЕО:
-АЙЛЫН ГАНЦ ОХИН УЧРААС ААВ ЭЭЖ ХОЁР МААНЬ НАМАЙГ ИХ ЭРХЛҮҮЛЖ ӨСГӨСӨН-
Яагаад багш гэдэг эрхэм хүндтэй мэргэжлийг сонгож байсан бэ?
Би багаасаа л маш нээлттэй хүүхэд байсан. Хүнтэй нэг яриад эхлэх юм бол залхтал нь ярьдаг байсан болохоор хүмүүстэй харилцдаг мэргэжилтэй хүн болно гэж боддог байсан. Анх телевизийн хөтлөгч болохыг хүсдэг байсан ч аав ээж хоёр маань хүнтэй харилцдаг мэргэжил дундаас багш хамгийн гоё нь гэж зөвлөөд, ярилцсаны үр дүнд англи хэлний багш болохоор шийдсэн.
Та хаана төрж, өссөн бэ? Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?
Манай аав ээж хоёр Дундговийнх. Гэхдээ намайг төрөхөөс дөрөв орчим жилийн өмнө Улаанбаатар хотод ирээд суурьшсан байсан болохоор би хотод төрж байсан. Миний харьяалал Дундговь аймгийнх хэрнээ хотод төрж өссөн учраас би өөрийгөө унаган хотынх гэж боддог. Би нэг ах, нэг эрэгтэй дүүтэй. Айлын ганц охин учраас аав ээж хоёр маань намайг их эрхлүүлж өсгөсөн.
“Хотын бүсгүй хөдөө нутагт” нэвтрүүлгийн анхнаасаа л мэддэг болохоор оролцохоор шийдсэн үү эсвэл хэн нэгэн танд оролцохыг зөвлөсөн үү?
Анх би “Хотын бүсгүй хөдөө нутагт” нэвтрүүлгийг мэддэггүй байсан. Нэг өдөр манай эгч “Хотын бүсгүй хөдөө нутагт” гэдэг нэвтрүүлэг байдаг юм байна, чи анкет өгөөд үзээч” гээд, би бүртгүүлж байсан. Тэгээд хэдэн хоногийн дараа ETV телевизээс холбогдоод шалгаруулалтанд тэнцсэн байна гээд оролцохоор болсон. Өнгөрсөн жил хоёрдугаар сард нэвтрүүлгийн зураг авалтанд орох гээд хөдөө явж байсан.

Унаган хотын хүүхэд хөдөө, нэвтрүүлэгт орохоор очиход танд ямар мэдрэмж төрж байсан бэ?
Хөдөө очсон эхний өдөр хэцүү байсан. Хөдөө нээх их очиж үзээгүй, урдаас маш олон камераар бичээд, хамт орж байгаа залуугаа сайн танихгүй гээд их сандарч байсан. Гэхдээ миний хувьд хүнтэй хурдан дотносож чаддаг учраас хоёр дох өдрөөсөө эхлээд л учраа олж эхэлсэн дээ.
Намайг аав маань нэвтрүүлэгт орох гээд явахад “Миний охин өөрийнхөөрөө л байгаарай. Хүн өөрийнхөөрөө байхдаа хамгийн гоё харагддаг юм” гэж хэлсэн нь надад их тус болсон.
Таны нэвтрүүлгийн үеэр “Намайг гэрийн ажилд муу болохоор хадмууддаа хөөгдөж магадгүй. Тийм учраас машин авч өгнө. Гологдвол машинаа унаад ирнэ биз гэж аав минь хэлсэн” гэх яриа олны хайрыг ихэд татсан шүү дээ. Энэ талаараа та эргээд дурсвал?
Аав маань намайг “Манай энэ гэрийн ажилд муу, хоол хийхдээ ч таруу. Ажил хийж сураагүй надад эрхлээд өсчихсөн болохоор хадамд гарсан эхний өдрөө л гологдох байх. Миний охин угаасаа хөгдөх нь тодорхой юм чинь аав нь нэг машин авч өгнө. Тэгээд хөөгдөхөөрөө хувцасаа аваад машинаа унаад ирж бай” гэж намайг их шоолдог байсан. Үүнийг нэвтрүүлгийн үеэр юу ч бодолгүй хэлчихсэн чинь тэр үедээ цахим хуудсуудаар маш олон хүмүүс үзсэн.
-БИЧДЭГ ЦАЦАГДСАНЫ ДАРАА ТАНИХГҮЙ ЭГЧ НАР НАМАЙГ “ЭНЭ НЭШ ЮМ ӨДИЙН ТОМ БОЛЧИХООД ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ” ГЭХ МЭТ МУУХАЙ СЭТГЭГДЛҮҮД ИХ БАЙСАН-
Тухайн үед олон сайхан сэтгэгдлүүд байсан ч сөрөг сэтгэгдэл үлдээж байсан хүн байсан уу?
Бичлэг цацагдсаны дараа танихгүй эгч гар намайг энэ нэг юм өдий том болчихоод юу ч хийж чадахгүй аавдаа эрхэлж өссөн гэх мэт муухай сэтгэгдэлүүд их байсан. Анх удаа тийм их сөрөг сэтгэгдэл авсан болохоор тухайн үедээ уншаад уйлах гээд сууж байсан чинь “Чамд зөндөө олон гоё сэтгэгдэл хүмүүс бичсэн байна шүү дээ битгий муухай сэтгэгдлүүдийг тоо” гэж аав минь хэлээд тайвширч байсан.
Энэ сөрөг сэтгэгдлүүдийн хараад сэтгэлээр унах тохиолдол гарч байсан уу?
Муухай үг уншаад тухайн үедээ сэтгэл санаагаар унаж байсан ч би хүний амьдрах юм бол миний амьдрал биш юм байна гэдгийг ойлгосон. Би өөрийн сонголтондоо харамсахгүй байгаа болохоор хүмүүс намайг мэдэхгүй болохоор би өөрөө л сайн хүн байж, зөв амьдарч байхад л бүх юм болно доо гэж боддог болчихсон.

Таны яриан дундаас ажиглахад, танд аав тань их зөвлөгөө өгдөг үү?
Манай аав их үглээ хүн. Өсвөр наснаас маань эхлээд л хүнтэй үерхэхдээ царай зүс, мөнгө төгрөг гэх мэт зүйлсүүд ерөөсөө харж болохгүй. Сэтгэл сайтай, хүн чанар сайтай хүнтэй л найзалж, үерхэх ёстой шүү гэж зөвлөж байсан. Өөр надад амьдралд хэрэгтэй маш олон зөвлөгөөнүүдийг алхам тутамдаа л өгч байдаг.
Нэвтрүүлгийг тань маш олон хүн үзсэн байдаг. Олны дунд явахад таныг хэр их таньж байсан бэ?
Өнгөрсөн жил нэвтрүүлэг гарсны дараа гадуур явахаар хүмүүс их гайхаж хардаг байсан. Саяхан сургуулийн зураг авалтанд ороод байж байсан чинь “Чи тийм эрх ч биш л юм байна шүү дээ. Би чамайг хэлээ хазсан “эрхийн балай” хүүхэд байх гэж бодсон” гэсэн. Тухайн нэвтрүүлгийг миний бодлоор 40-өөс дээш насныхан их үздэг юм шиг байна лээ. Тэр насныхан л намайг их таниад, гайхаж хараад байдаг байсан.
-21 ЖИЛ ААВЫНХАА ХАЙРАНД БАЙСАН БИ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД НАЙЗ ЗАЛУУДАА ХАЙРЛУУЛААД Л ЯВЖ БАЙНА ДАА-
Нэвтрүүлгийн дараа хамт оролцсон залуутайгаа ямар нэгэн холбоотой байсан уу?
Нэвтрүүлгийн дараа холбоогүй байсан. Ноднин зун хотод ирчихсэн байна гээд над руу холбогдсон. Тэгээд аав ээж хоёр хэлсэн чинь “Чи хөдөө гэрт нь очиж зөндөө байж, дайлуулсан юм чинь гэртээ урь” гээд нэг уулзсан. Манай гэрийнхэн их элгэмсэг хүмүүс байдаг. Түүнээс өөрөөр ямар нэгэн холбоогүй байгаа.
Одоо та найз залуутай болчихсон шүү дээ. Найз залуутай болсны дараа хүмүүс хотын залуутай үерхсэн байна гээд их шүүмжилж байсан. Найз залуу тань хотынх уу?
Би одоо найз залуутай болчихсон, хамт амьдарч байгаа. Найз залуутай болсон гэдгийг хүмүүс мэдээд над руу их дайрсан. “Чи хотын залуутай үерхэх байсан юм бол яах гэж нэвтрүүлэгт орсон юм. Худлаа охин байсан байна” гэж сэтгэгдлүүд маш их байсан. Уг нь манай найз залуу унаган хөдөөний залуу. Багаасаа л хөдөө байж байгаад хотод их сургуульд суралцахаар ирсэн. Би хөдөөний залуутай үерхсэн болохоор битгий сөрөг сэтгэгдэл үлдээгээсэй гэж хүсэж байна.

Аавынхаа зөвлөсөн шиг залуутай үерхсэн гэж та боддог уу?
Яг л аавынхаа зөвлөсөн шиг залуутай үерхсэн гэж боддог. 21 жил аавынхаа хайранд байсан би үргэлжлүүлээд найз залуудаа хайрлуулаад л явж байна даа.
Хүмүүс таныг их эрх хүүхэд байсан гэж хардаг шүү дээ. Багадаа эрх хүүхэд байсан уу?
Би өөрөө багынхаа дурсамжаа төдийлөн санадаггүй юм аа. Намайг хамаатны ах, эгч нар ёстой эрх хүүхэд байсан л гээд байдаг юм. Дүүтэй болоод эрхлэх нь арай гайгүй болсон гэж боддог. Гэхдээ л долдугаар ангид байхдаа л жоохон дүүтэйгээ барьцаад л аавдаа эрхлэдэг байсан.
Таны хувьд чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
Чөлөөт цагаараа найз залуутайгаа л хам байдаг даа. Сүүлийн үед хөдөө явах их дуртай болчихсон. Хурдан хичээл амраад хөдөө явах юмсан гээд л яараад байж байна даа.
Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн байгаа зүйл болон зорилгынхоо талаар уншигчдадаа хуваалцвал?
Ойрын зорилго гэвэл их сургуулиа амжилттай төгсөх л байна. Зорилгодоо хүрэхийн төлөө одоо хичээлдээ шамдаад, судалгааны ажлуудаа хийж байгаа.
Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа.
-ETV телевизийн зарим дүр, бичлэгээс ашиглав