П.Наранбаяр: 16 хүртэлх насны хүүхдийг сошиал сүлжээнд нэвтрэхийг хязгаарлах хуулийн төсөл өргөн барина

П.Наранбаяр: 16 хүртэлх насны хүүхдийг сошиал сүлжээнд нэвтрэхийг хязгаарлах хуулийн төсөл өргөн барина

Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд нэгнийхээ биед халдаж буй ноцтой бичлэгүүд цацагдаж, энэ асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяраас сэтгүүлчид тодруулга авлаа.

Тэрбээр “Үе тэнгийн дээрэлхэлт буюу хүүхдүүд хоорондын дарамтын асуудал боловсролын салбарт хурцаар яригдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд аюулгүй цахим орчны бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Мөн хүүхдийн цахим орчны оролцоог зохицуулах анхдагч хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна. Эдгээр хуулийн төслүүд нь үе тэнгийн дээрэлхэлттэй тэмцэх ул суурьтай арга хэмжээ болно гэж үзэж байна. Учир нь өнөө үед хүүхдүүдийн хоорондын дарамт, доромжлол цахим орчинд илүү өрнөх болсон. Түүнчлэн 16 нас хүрээгүй хүүхдийн нийгмийн сүлжээнд нэвтрэх, ашиглах эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлах зохицуулалт бүхий хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байна. 2024 оны арваннэгдүгээр сард Австрали улс энэ асуудлаар хуулийн санаачилга гаргасан бөгөөд бусад орнууд ч мөн судалж, хэрэгжүүлэхэд анхаарч эхэлжээ. Бидний хийсэн судалгаагаар үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 90 хувь нь энэ тухайгаа эцэг, эхдээ хэлдэггүй байна. Харин эцэг, эхчүүдийн 60 орчим хувь нь хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьдаггүй гэсэн дүн гарсан” гэв.

Б.АНУ