Говь-Алтай аймгийн МАН-ын хорооноос УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудлыг эргэн харахыг хүссэн мэдэгдлийг намын удирдлагад хүргүүлжээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга Б.Сүхбаатар аймгийн намын гишүүд, дэмжигчдийнхээ өмнөөс уг хүсэлтийг гаргаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Учрал болон намын Хяналтын ерөнхий хороонд албан мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдэлд Д.Амарбаясгаланг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудлыг намын холбогдох байгууллагуудаар дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаагаа дурджээ. Мөн шүүхээс гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудлыг танилцуулж буйг дахин нягталж, намын дүрмийн дагуу шийдвэрлэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн уг асуудлыг МАН-ын Хяналтын ерөнхий хороо болон холбогдох шатны байгууллагуудаар хэлэлцүүлж, шийдвэрийг дахин нягтлах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлжээ.