Монголын Алт (МАК) ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд эх, хүүхэд, нярайн мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулах урт хугацааны, тогтвортой санаачилгыг эхлүүлж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Энх-Мэнд” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж эхэллээ.
“Энх-Мэнд” хөтөлбөр нь эх, хүүхэд, нярайн эрүүл мэндийг дэмжих чиглэлд Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг хамарсан үндэсний хэмжээний анхдагч санаачилга болж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, нарийвчилсан оношилгоо, шаардлагатай мэс заслын тусламжийг газар дээр нь үзүүлэхээс гадна орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн бэлтгэл, мэргэжлийн чадавх, яаралтай тусламжийн бэлэн байдал, тусламж үйлчилгээний чанарыг цогцоор нь сайжруулах чиглэлээр хамтран ажиллах аж. Ингэснээр эх, хүүхэд, нярайн эндэгдлийг бууруулж, орон нутагт чанартай, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээний тогтолцоог бий болгох бодит үр дүнд хүрэхийг зорьж байна.
Статистик мэдээллээс үзэхэд Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж, жил бүр дунджаар 40–50 мянган эх амарждаг байна. Гэвч тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн талаас илүү хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлтэд тооцогддог. Мөн өнгөрсөн онд 17 эх эндсэн нь эх, хүүхэд, нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эрт илрүүлэг болон шатлал хоорондын уялдаа холбоог системтэйгээр сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Хүн амын тархалт сийрэг, алслагдсан бүс нутагтай Монгол Улсын нөхцөлд яаралтай тусламжийн бэлэн байдал, оношилгоо эмчилгээний стандартын жигд хэрэгжилт, мэргэжлийн дэмжлэгийг орон нутагт шууд хүргэх нь эндэгдлийг бууруулах гол шийдэл гэж үзэж байна. “Энх-Мэнд” хөтөлбөр нь зөвхөн нэг удаагийн тусламжийн арга хэмжээ бус, харин эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бүс нутгийн хэмжээнд бэхжүүлж, эх, хүүхэд, нярайн эндэгдлийг бодитоор бууруулахад чиглэсэн үндэсний хэмжээний санаачилга гэдгээрээ онцлог юм.