Сурагчдын шатрын Азийн аварга өнөөдөр эхэлж, Шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар нээж үг хэллээ

Сурагчдын шатрын Азийн аварга өнөөдөр эхэлж, Шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар нээж үг хэллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод шатрын сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд болж байна. 19 дэх удаагийн тэмцээнд 16 орны 677 шатарчин стандарт, блиц, рапид төрлөөр 432 медалийн төлөө өрсөлдөх юм.

Тус тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт тэргүүтэй эрхэм хүмүүс хүрэлцэн ирлээ. Тэмцээнийг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Энэ тэмцээн оюун ухааныг дээдэлсэн спортын үнэт уламжлалыг дэлгэрүүлэх, тивийн сурагчдын нөхөрлөлийг бэхжүүлэх, ирээдүйн оюунлаг иргэдийг төлөвшүүлэх онцгой ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар оюун ухааны спортыг дэмжих, шатрын сургалтыг сургалтын хөтөлбөрт өргөжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай залуу шатарчдыг бэлтгэх бодлогыг цаашид ч тууштай хэрэгжүүлнэ” хэмээн онцлов.

Дараа нь ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам хэлсэн үгэндээ “Монголчууд эртнээс шатар хэмээх энэхүү аугаа тоглоомыг оюуны цэц сорих, ухаан тэлэх, хойч үеэ хүмүүжүүлэх нэгэн арга хэмээн эрхэмлэж ирсэн түүхтэй ард түмэн тиймээс энэ удаагийн тэмцээн нь зөвхөн өрсөлдөөн төдий бус, Ази тивийн залуу үеийн  нөхөрлөл, харилцан итгэлцэл, оюуны солилцооны индэр болж байгаад талархалтай байна. Энэ наадамд оролцож буй та бүхэн бол ирээдүйн мастерууд, дасгалжуулагчид, сурган хүмүүжүүлэгчид, шинжлэх ухаан, технологийн удирдагчид байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгов.

Шатрын сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хамгийн анх алтан медаль хүртсэн монгол тамирчин бол Олон улсын матер Б.Чингүүн (стандарт), Их мастер Б.Билгүүн (блиц) нар ба тэд ах дүү шатарчид юм.




Өнөөдөр туулай өдөр

6 цагийн өмнө