Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хийдэг боловч энэ нь бодит үр дүнд хүрэхгүй байна гэх дүгнэлтийг Хүний эрхийн үндэсний комиссоос дүгнэсэн байдаг. Тэгвэл уг асуудлаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.
ВИДЕО:
-ХЭҮК-оос агаарын бохирдол, угаарын хийн хордлоготой холбоотой асуудалд анхаарал хандуулж ажиллаж байх шиг байна. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-ХЭҮК-оос жил бүр УИХ-д илтгэл өргөн барьдаг. Өнгөрсөн 2023 оны илтгэлдээ агаар орчны бохирдол, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал гэдэг сэдвийн хүрээнд судалгаа, шинжилгээг хийж, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн. Харин уг дүгнэлтийг гаргахын тулд мэргэжлийн байгууллагуудаас тодорхой мэдээллүүдийг авсан. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн хордлоготой холбоотой дуудлага мэдээллийн тоог авч үзэхэд тус төв нь сүүлийн долоон жилийн хугацаанд 9000 орчим дуудлага мэдээлэл авсан байна. Харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн "2025 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 110 хүн угаарын хийн хордлогын улмаас нас барсан" гэх тоон баримтыг өгсөн. Тиймээс энэ өвөл угаарын хийн хордлогоор хүний амь нас эрсдэхгүй байхад анхаарч ажиллах, 23 дахь илтгэлийнхээ хэрэгжилт, үр дүнд хяналт хийх чиглэлээр ажиллаж байна.
-ГАЛЛАГААНЫ УЛИРАЛ ЭХЭЛСЭН Ч 45 МЯНГА ОРЧИМ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ БАЙРШУУЛААГҮЙ БАЙНА-
-Хэд хоногийн өмнө ХЭҮК-оос түлш борлуулдаг цэгүүдэд ажилласан байсан?
-Тийм ээ. Бид түлш борлуулж байгаа цэгүүдэд очиж ажилласан. Ингэхэд иргэд "Хөх нүүрс гэж нэрлээд байгаа түлшийг хэрхэн галлах, заавар, зөвлөгөө, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл дутмаг, түлшний нийлүүлэлт хангалтгүй байгаа"-г хэлж байна. Нийслэлийн өгсөн мэдээллээр Улаанбаатар хотод 176 мянган галладаг өрх байдаг. Эдгээр айл өрхүүдээс 120 мянга орчимд нь шинэ угаарын хийн мэдрэгч байрлуулсан бол үлдсэн 45 мянган айлд угаарын хийн мэдрэгч байрлуулах хэрэгцээ шаардлагатай байгаа юм билээ.
-ХЭҮК-т угаарын хийн хордлогын улмаас амь нас, эрүүл мэнд нь хохирч байгаа талаарх гомдол, мэдээлэл ирдэг болов уу. Хэрэв ирдэг бол энэ дагуу нь ямар ажил, арга хэмжээ авдаг бол?
-Энэ жилийн хувьд одоогоор гомдол мэдээлэл ирээгүй байна. Харин өнгөрсөн жил маш их ирсэн. Иргэдээс "Агаарын бохирдлыг улмаас хүүхдүүд болон том хүмүүс уушгины өвчлөлөөр өвдөж, эдийн засгийн болон бүтээмжийн алдагдал үүсэж байна", "Иргэд агаар орчны бохирдолд өртөж, хор хохирлыг нь эрүүл мэнд, эдийн засгаараа амсаж байна" гэх гомдол маш их ирсэн. Угаарын хийн хордлогод өртсөн хүмүүсийн талаарх мэдээллийг бид өөрсдөө татаж үзээд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх боломж байхад яагаад цаг зуураар хүний амь нас эрсдээд байна вэ гэдэг нь анхаарах асуудал байна гэх дүгнэлтэд хүрч, төрийн бүх байгууллагууд үүнд анхаарах ёстой гэж үзсэн.
-Нэг жил хүрэхгүй хугацаанд 110 хүн угаарын хийн хордлогын улмаас нас барсан гэж байна шүү дээ. Иргэд угаартаад байгаагийн гол шалтгаан юу байна вэ?
-Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учраас хүн мэддэггүй угаарттаг байгаа юм. Тиймээс ч мэдрэгч гэдэг зүйл их чухал юм билээ. Тиймээс ч мэдээллээ хүртээмжтэй өгөөч, гэр, байшинд гээд өөр өөр сууцанд амьдарч байгаа иргэд ямар пийшин зууханд, хэрхэн галлагаа хийх, угаар мэдрэгчээ огт унтрааж болохгүй зэрэг мэдээллийг иргэддээ тухайлан сануулж, агаар сэлгэлтийг тогтмол хийх гээд зөвлөмж, зөвлөгөөг хүн бүрд өгөх шаардлагатай байна. Угаарын хийн хордлогоор амь насаа алдаж байгаа иргэд өрх гэрээрээ амь насаа алдаж байгаа нь үнэхээр харамсалтай байгаа юм.
-ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЖ БАЙХ ҮЕД ХҮНД МЕТАЛЛ ИХТЭЙ БАЙСАН Ч УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР НАС БАРАХ ТОХИОЛДОЛ ХАРЬЦАНГУЙ БАГА БАЙСАН-

-Одоогоос 5, 10 жилийн өмнө угаарын хийн хордлогын улмаас жилдээ хэдэн хүн амь насаа алдаж байсан гэх тоон мэдээллийг та бүхэн авч үзсэн болов уу?
-Авсан. Гэхдээ яг угаартаж нас барсан хүний тоо харилцан адилгүй гардаг юм билээ. Учир нь угаартаад эмчилгээ үйлчилгээ авч байгаад нас барсан, гэртээ нас барсан гээд мэдээлэл нь өөр өөр бүртгэгддэг байна. Тухайлбал, цагдаагийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Шүүх шинжилгээний ерөнхий газар гээд мэргэжлийн байгууллагууд өөр өөрийн чиглэлээр тоон мэдээлэл гаргадаг юм билээ. Тиймээс бид Шүүх шинжилгээний ерөнхий газраас энэ жил угаарын хийн хордлогоор нас барсан хүний тоог авахад 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс 10 дугаар сарын нэгний хооронд нийтдээ 110 хүн угаартаж нас барсан гэх тоо баримтыг өгсөн. Сүүлийн жилүүдийн тоо баримтыг дунджаар үзэхээр жилдээ 1000 орчим хүн угаарын хийнд хордсон хэмээн мэргэжлийн байгууллагад хандсан байна. Үүнээс нас барсан тоо нь харилцан адилгүй байсан. Түүхий нүүрс түлж байх үед хүнд металл ихтэй ч угаарын хийн хордлогоор нас барах тохиолдол харьцангуй бага байсан байна. Гэтэл сүүлийн жилүүдэд шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш агаарт дэгдэж байгаа хүнд металл нь багасаж байгаа сайн талтай ч угаартаж нас барах иргэдийн тоо огцом өгссөн байгаа юм. Тиймээс л энэ бүхнээс урьдчилан сэргийлэх нь маш чухал байгаа юм.
-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс угаарын хийн хордлогод өртсөн иргэдийн талаарх мэдээллийг өгдөг ч нас барсан иргэдийн мэдээллийг нээлттэй түгээлээ гэх шүүмжлэлд өртсөн үү нэг хэсэг мэдээлэхээ больсон байсан. Ер нь энэ мэдээллийг нээлттэй өгөх ёстой болов уу?
-Энэ бол нууц мэдээлэл огт биш. Харин ч мэдээллийг нээлттэй өгч, ард иргэдэд анхааруулж, сэрэмжлүүлж байж бид урьдчилан сэргийлэх боломжтой. Ер нь аваар осол, гэмтэл, угаар зэрэг урьдчилан сэргийлж болох зүйлээс шалтгаалан хүний амь нас зуурдаар өнгөрөх нь хайран шүү дээ. Тиймээс ч ХЭҮК энэ өвлийг угаарын хийн хордлогын улмаас хүний амь нас хохирч, эрүүл мэнд нь эрсдэлд орохгүй байгаасай гэдэг үүднээс л уг асуудалд анхаарч ажиллаж байна.