Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахдаа Үндсэн хууль зөрчиж, буруу "саналын томъёолол"-ыг ашигласан гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс энэ сарын 22-ны өдөр /2025.10.22/ гаргасан. Мөн тус чуулганы хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон. Энэ дагуу УИХ-ын 95 дугаар тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд одоо УИХ хүлээж аваад л болох юм. Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрийн дагуу Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.
-Х.БУЛГАНТУЯА НЬ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭСЭЭ ЭРГҮҮЛЭН ТАТАГДАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ХОЁР ЗААЛТЫГ ХОЁУЛАНГ НЬ ЗӨРЧСӨН БАЙНА-
Харин одоо нэг асуудал тодорхойгүй үлдээд буй нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах процесс. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс хойш Х.Булгантуяа Төрийн ордонд харагдахгүй нам гүм байна. Үндсэн хууль зөрчсөн хүн нь хариуцлага хүлээхгүй бол Үндсэн хуулийн цэцийн шийдвэр "зөвхөн Засгийн газрыг хамгаалж үлдээх зорилготой байсан" гэдэг нь тодорхой болно.
Тэгэхээр Үндсэн хууль зөрчсөн буруутай этгээдэд заавал хариуцлага хүлээлгэх ёстой. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авах үеэр Тусгай хяналтын дэд хороо хуралдаж Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах асуудлыг хөндөх үү гэдэг хүлээлт байна.
Гэхдээ энэ процесс хэрхэн үргэлжлэх талаар одоогоор хөндөж ярьсан хүн алга.
Угтаа бол УИХ-ын тухай хуулийн 9.1.4.-т Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, 9.3.-т Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байна. УИХ-ын гишүүний тангарагт: Монгол Улсыг Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна гэж хэлдэг. Үүнээс үзвэл Х.Булгантуяа нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой дээрх хоёр заалтыг хоёуланг нь зөрчсөн байгаа юм.
-ТҮҮНИЙГ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ, СААТУУЛАХ ГЭЖ ОРОЛДСОН ГЭХ ГОМДЛЫГ МӨН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ ГАРГААД БАЙНА-
Цаашлаад түүнийг ганц УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаад зогсохгүй "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах" гэсэн 12-15 жилийн ялтай зүйл ангиар шалгаж болзошгүй нь өчигдрийн хууль хяналтын байгууллагын мэдээллээс тодорхой боллоо.
Тодруулбал, иргэн О.Отгонтөгс нь өчигдөр /2025.10.24/ Улсын Ерөнхий прокурорт хандан УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн хариуцлага тооцуулах асуудлаар гомдол гаргасан.
Уг гомдолд "УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон ТББХ-ны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн.
Улмаар уг асуудлыг Үндсэн хуулийн Цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдөр Их суудлын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргасан" гэдгийг дурджээ. Мөн уг асуудал нь "Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд заасан "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах" 12-15 жилийн ялтай Тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэрэг" гэдгийг тодотгосон байгаа юм. Тэгэхээр түүнд УИХ-ын болоод хуулийн байгууллагын шалгах процесс үргэлжлэх нь.