Монгол иргэд Солонгос болон бусад улс руу ажил хийхээр явдаг шиг бусад улсын иргэд ажил хийж амьдралаа залгуулахаар Монголд ирэх тохиолдол цөөнгүй байдаг. Тэдний ихэнх нь Вьетнам иргэд бөгөөд Монголд ирээд ажилладаг гол салбар нь авто засварын салбар. Тэгвэл бид энэ удаад Монгол ирсэн Вьетнам иргэд хэрхэн ажиллаж, амьдарч байгаа талаар Вьетнам засварын гарын ажилтан Лиу Мон Донтой ярилцлаа.
ВИДЕО:
Түүний хувьд өмнө нь 2012 онд Монголд ирээд 2018 онд буцаж байжээ. Улмаар саяхан буюу өнгөрсөн наймдугаар сард ажиллахаар эргэж ирээд байгаа нь энэ аж. Тэрбээр эхнэр, гурван хүүхэдтэй. Гэр бүлийнхэн нь бүгд Вьетнамд амьдардаг. Энд ажил хийж олсон мөнгөө Вьетнам руу явуулна. Тэнд гэртээ хэрэгтэй зүйл авахын зэрэгцээ Монголд ирсэн хамгийн том зорилго нь байр авах гэнэ.

Вьетнам нэг улиралтай орон учраас Монголд ирээд хамгийн хэцүү байгаа зүйл нь хүйтний энэ үе аж. Тэрбээр бидэнд ярихдаа, “Вьетнам халуун орон учраас Монголд үнэхээр хүйтэн байгаа нь л хэцүү байна. Хамт ажиллахаар ирсэн хүмүүс маань өмнө нь Монголд огт ирж байгаагүй учраас бүгдэд нь хэцүү байгаа. Миний хувьд өмнө нь ирээд зургаан жил амьдарч байсан учраас бараг дасаж байна” гэсэн юм.

Түүнтэй хамт уг засварын газарт таван Вьетнам иргэн ажиллана. Бүгд өнгөрсөн наймугаар сард хамтдаа ирсэн гэнэ. Бас л Вьетнамд эхнэр, хүүхэд нь байдаг бөгөөд тэдэндээ мөнгө явуулахын тулд Монголд ажиллаж байгаа аж.
Монгол иргэд хааяа тэдэнтэй их муухай харьцдаг талаар ч бидэнд ярьсан юм. Тэрбээр, “Монголчууд амьдралаа залгуулахаар Солонгос руу ч юм уу ажил хийхээр явж байгаатай адил бид ч энд ажил хийж амьдралаа залгуулахаар ирсэн. Сар дуусаж цалингаа авмагцаа гэр бүл, хүүхдүүд рүүгээ мөнгө явуулдаг. Хааяа би фейсбүүкт лайв хийдэг юм. Тэр үед зөндөө олон монгол хүн ороод муухай зүйл ярьж, бичдэг. Муухай зүйл битгий бич л дээ. Би та нартай л ижил хүн. Хүүхдүүд, эхнэр, аав ээжид маань мөнгө хэрэгтэй. Ажил дуусахаар би тэдэн рүүгээ мөнгөө явуулна. Гэртээ юм авна. Байр авна. Хоол хүнс авна. Гуйж байна. Битгий муу хэлээрэй” гэсэн юм.

Түүнтэй хамт ажиллаж буй Вьетнам иргэд ч мөн адил үр хүүхдүүд рүүгээ мөнгө явуулах л хамгийн том зорилго нь. Мөн эхнэр, хүүхдүүдээ санаж байгаа нь л их хэцүү байгаа талаараа бидэнд нулимс дуслуулан ярьсан юм. “Гэхдээ буцаж болохгүй, дор хаяж 5-10 жил болж, мөнгө хурааж байж Вьетнам руугаа явна” гэв. Ийнхүү Вьетнам иргэд халуун оронд амьдардаг ч мөнгө олж ар гэрээ тэжээхийн тулд Монголын эрс тэс уур амьсгал, хүйтэн цаг агаарт тэсэж ажиллаж байна.
