Б.Жаргалан: АН-аас төсвийн урсгал зардлыг танаж, яамдыг тоог бууруулах шаардлагыг тавьсан ч Засгийн газар бүтцээ өөрчилсөнгүй

Б.Жаргалан: АН-аас төсвийн урсгал зардлыг танаж, яамдыг тоог бууруулах шаардлагыг тавьсан ч Засгийн газар бүтцээ өөрчилсөнгүй

АН-аас төсвийн тодотгол хийхдээ урсгал зардлаас танах, төрийн данхар бүтцийг цомхотгох, эрчим хүчний асуудалд анхаарч, хараат бус болох зэрэг маш чухал, тодорхой хэдэн заалтуудыг тусгасан шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн. Иймд энэ талаар АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалантай ярилцлаа.

ВИДЕО:

-ЭДИЙН ЗАСАГ УДААШИРЧ БОЛЗОШГҮЙ БАЙГАА ЭНЭ ҮЕД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА БУС УРСГАЛ ЗАРДЛАА ТАНАХ НЬ ЗҮЙТЭЙ-

-АН-ын бүлгээс Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагад төсөвт тодотгол хийхдээ урсгал зардлаа танах ёстой гэсэн зүйлийг тусгажээ. Мэдээж манай улсад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зардлаас бус урсгал зардлаас танах шаардлагатай байгаа шүү дээ. Чухам ямар зардлуудыг танаж болно гэж үзэж байгаа вэ?

-УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаад шинээр томилогдсон Ерөнхий сайд болон шинээр томилогдсон Засгийн газарт тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн. Төсвийн тодотгол бол яах аргагүй хаврын чуулган эхэлснээс хойш ярьсан сэдэв. Анх төсөв батлагдсан хугацаанаас хойш дотоод болон гадаадын эдийн засаг  их өөрчлөгдлөө. Иймд аль болох хурдан үнэнтэйгээ нүүр тулж, хурдхан төсвийн тодотголоо хийгээд урагш хараад явах нь зөв. Ялангуяа шинэ Засгийн газар байгуулагдаад явж байгаа энэ үед зайлшгүй хийх шаардлагатай зүйл. Мэдээж эдийн засаг удааширч болзошгүй байгаа энэ үед хөрөнгө оруулалт талаа танахгүйгээр урсгал зардлаа танах нь зүйтэй гэж үзсэн.

Тэр ч утгаараа төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх замаар бусдаар гүйцэтгүүлэх ажил ч юм уу төрд байгаа шаардлагагүй урсгал зардлуудыг танах боломжтой гэж харж байгаа.

Тэгэхээр  шинээр байгуулагдаж байгаа Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ажил энэ гэж бодож байна. Шинэ Ерөнхий сайд өнгөрсөн пүрэв гарагт сонгогдсон. Улмаар маргааш нь бүтэц бүрэлдэхүүнээ өргөн бариад нэг дэх өдрөөс эхлээд л төсвийн тодотголоо өргөн бариад ажиллана гэсэн ч харамсалтай нь одоогоороо засгийн газрын бүтцийн асуудал дээрээ л явж байна. Тэгэхээр төсвийн тодотголын асуудлыг цаг алдалгүй шийдэх шаардлагатай гэж үзэж байгаа.

-Мэдээж одоо төсвийн тодотгол хийх нь эдийн засгаа сэргээх чухал зүйл болоод байна. Гэтэл чухал бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын зардал гэх мэт зүйлсээс таначихвал аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчид л хохироод үлдэхээр нөхцөл байдал харагдаад байгаа. Энэ талаар АН-ын шаардлагад бас туссан байсан? 

-Нэн ялангуяа эдийн засгийн өсөлт саарч магадгүй байгаа энэ үед төсвийн хөрөнгө оруулалт бол эдийн засгийн өсөлтийг дэмжих, үндэсний компаниудад орлогын эх үүсвэр болох бодит нөхцөл байдалтай байдаг учраас хөрөнгө оруулалтын зардлаа танах шаардлагагүй. Харин урсгал задрлаа танах шаардлагатай байгаа. Үүнтэй холбоотойгоор АН-ын хүргэж байгаа бас нэг шаардлага юу гэхээр төсвийн хөрөнгө оруулалтаа үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих, дотооддоо ажлын байр бий болгоход ашиглах ёстой. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй зам барилгын ажлууд ч юм уу. Гэтэл сүүлийн үед Засгийн газар, ялангуяа нийслэл дээр гарч байгаа шийдвэрүүд дээр мөнгө нь тавигдчихсан байдаг ч дотоодын аж ахуйн нэгжүүд бус дандаа гадаадын аж ахуйн нэгжүүдэд зориулсан мэт тендер зарлаад байна. Ингэвэл хөрөнгө оруулалт ч үндсэн зорилгодоо хүрэхгүй.

Иймд бид эдийн засгийн агуулгаараа төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх нь нэг хэрэг. Нөгөө талд тодорхой аж ахуйн нэгжүүд ажил орлоготой болох, ажлын байр нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой шүү дээ.

Тэгэхээр аль алийг нь хослуулах ёстой. Гэтэл зөвхөн гаднаас аж ахуйн нэгж авч ирж ажиллуулаад байх юм бол үндсэн зорилгодоо хүрэхгүй байна. Иймд эдийн засаг удааширч болзошгүй байгаа энэ үед бид аль болох олон монгол хүнийг ажлын байртай болгох, аль болох олон монгол компанийг орлоготой болгоход аливаа төр засгийн бодлого чиглэх ётсой. Түүнийгээ Ерөнхий сайдад хандсан шаардлагадаа дурдсан. Нэн ялангуяа нийслэл дээр явагдаж байгаа хэд хэдэн тендер байгаа шүү дээ. Маш өндөр дүнтэй тендерүүдэд хэтэрхий өндөр шалгуур тавиад үндэсний аж ахуйн нэгжүүд нь оролцож чадахаа байсан. Дандаа гадаад аж ахуйн нэгжүүд орчихсон. Үүнтэй холбоотой барилгачид ч бас жагсаал хийж байна гэх мэт энэ асуудлуудад анхаарахгүй бол цаашдаа эдийн засгийн өсөлт юунаас бий болох вэ гэдэг нь асуудал болоод байна. 

-ЭМЧ, БАГШ НАРААС БУСАД ТӨРИЙН АЛБА ХААГЧДЫН ТООГ ЭНЭ ЖИЛ 9 ХУВЬ ЦААШДАА 20 ХУВЬ ХҮРТЭЛ ТАНАХ ШААРДЛАГЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙГАА-

-Шаардлагад төрийн данхар бүтцийг цомхотго, төрийн алба хаагчдын тоо, сайд нарын тоог цөөлөх талаар тусгасан байсан. Гэтэл Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилсөнгүй. Та нарын шаардлагыг үл тоочихов уу?

-Эрх баригч олонхын бүлгийн нам дангаараа засаглах шийдвэр гаргаж байгаа нөхцөлд яам болон сайд нарын тоог цөөлөөд, төрийн албан хаагчдын тоог ч цөөлөх бодлого барих нь зүйтэй гэсэн шаардлагыг хүргүүлсэн. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр дарга өргөн барьж, батлуулсан. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог энэ ондоо багтаагаад 9 хувиар цомхотгоно гэсэн тоо гарсан. Тэгэхээр бид нарын хувьд энэ ондоо 9 хувь, цаашдаа ахиад цомхотгол хийж, даруй 20 хувь цомхотгох ёстой гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа. Энэ бол доторхой хэмжээнд судалгаанууд нь хийгдчихсэн учраас хийх боломжтой ажил байгаа юм. Гэтэл харамсалтай нь шинэ Ерөнхий сайд маань Засгийн газрын бүтцээ өмнөх чигээр нь хадгалах шийдвэр гаргаж байх шиг байна. Гэхдээ ийм олон яамтай ажиллах нь хэр зохимжтой вэ гэдэг асуудлыг бид байнга ярьж байгаа.

-Төрийн өмчит компаниудыг цөөлөх талаар өмнө нь маш олон удаа ярьж байсан. Энэ удаа ч шаардлагадаа тусгасан байна. Ер нь төрийн өмчит компани олшрох тусам ямар үр дагавартай байдаг вэ?

-Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд маш их хөрөнгө, орлого, боловсон хүчнийг шингээж байгаа газрууд. Энэ нь эргээд эдийн засаг дахь төрийн оролцоог хэт нэмэгдүүлж, хувийн өмчит компаниудыг шахан гаргаж буй үзэгдэл болдог.

Тэгэхээр төрийн өмчит компаниудыг аль болох цөөлөх, хувьчлах, олон нийтийн компани болгох ажлыг хийж, бүтээмжтэй ажиллах ёстой байна. Төрийн өмчит компаниуд дээр нийлбэр дүнгээрээ 58 мянга гаруй хүн ажиллаж байгаа. Энэ орон тоог цөөлөх шаардлагатай. Сая Л.Оюун-Эрдэнэ сайдыг огцроход нөлөөлсөн залуусын жагсаал нь Монгол Улсад шударга ёс байна уу, авлигатай тэмцэж чадаж байна уу гэдэг асуудал дээр маш их анхаарсан. Ер нь АН-ын хувьд авлигын эх үндэс бол төрийн хэт их оролцоо гэж үздэг. Бүх зүйлд төр оролцоод байх юм бол тодорхой түвшинд хүнд суртал газар авч, авлигын үндэс болж байгаа юм. Тэгэхээр төрийн оролцоог багасгаж, төр нь өөрөө цомхон болж, эдийн засагтаа оролцохгүй байж авлигыг үндэс сууриар нь устгана. Эс бөгөөс авлигатай пи-араар тэмцэхгүй, хууль хүчний байгууллагаар ч тэмцэхгүй. Суурь шалтгааныг нь сайн олж харах хэрэгтэй гэж бодож байна.

-Мөн шаардлагад дурдагдсан нэг зүйл нь эрчим хүчний асуудал байсан. Сая ДЦС 3 дээр үүссэн асуудлаас болоод тодорхойгүй нөхцөл байдал үүсчихлээ. Ер нь эрчим хүчний асуудлыг олон жил ярьсан ч дорвитой арга хэмжээ авч чадахгүй л байна. Энэ талаар АН ямар байр суурийг нэгтгэж, ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн бэ?

-Монгол Улсын хувьд эрчим хүчний хараат бус байдал маш их тулгамдсан асуудал болоод байна. Сая ДЦС-3 дээр осол гарсан нь их санаа зовоож байгаа. Ирэх өвөл Улаанбаатар хот хөлдөх үү үгүй юу гэхчилэн ойлгомжгүй асуудлууд байна. Тэгэхээр шинэ Засгийн газрын хувьд эрчим хүчний салбартаа анхаараад, эрчим хүчний салбарын реформ хийх шаардлагатай байна. Тийм учраас цахилгаан станцууддаа хөрөнгө оруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдэд хөрөнгө оруулах гэх мэт богино хугацаанд Монгол улс эрчим хүчний хувьд бүрэн хараат бус байдалтай болох ёстой. Тэгж чадвал эдийн засгийн олон эрсдлүүдээс ч ангижирч чадна. Ялангуяа бүсүүдийн хөгжлийг харсан ч эрчим хүчний найдвартай, хямд эх үүсвэртэй байж байж л орон нутагт аж үйлдвэр хөгжинө. Тэгэхээр эрчим хүчний асуудал зөвхөн иргэдийн амьдрах орчинтой холбоотойгоос гадна аж үйлдвэрийг хөгжүүлэхэд маш чухал учраас байгаа боломжит хөрөнгө оруулалтуудаа эрчим хүч рүүгээ чиглүүлье гэж байгаа юм.

-Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ баталж байна. Улираан томилж байгаа олон сайд харагдлаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд эрчим хүчний асуудлаа ч шийдэж чадаагүй байхад тэр хүмүүсийг улирааж томилжээ. Хувь улс төрчийнхөө хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?

- Кабинетын зарчмаа бодох юм бол Ерөнхий сайддаа итгэл үзүүлэхгүй гэж шийдээд кабинеттайгаа хамт огцорч байгаа бол ёс зүйн хувьд ч юм уу хариуцлага хүлээх ёстой гэдэг утгаараа өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нар хариуцлагаа хүлээгээд ажлаа өгөх нь зүйд нийцнэ гэж харж байгаа. Гэтэл эрх баригч нам тэгж шийдсэнгүй. Тодорхой сайд нарыг улираагаад зарим нэг шинэ сайд нарыг өөрчилж томилж байх шиг байна. Энэ бол засагтаа яаж хандаж байгаа эрх баригч нарын хандлагын нэг хэлбэр болов уу гэж харж байгаа. Мэдээж заавал огцрох ёстой гэсэн хууль, дүрэм байхгүй. Цэвэр ёс зүйн асуудал. Тэгэхээр ёс зүйн хувьд хариуцлагаа хүлээгээд огцрох нь зүй ёсны асуудал гэж харсан боловч нэгэнт ийм шийдвэр гарч байгаа нөхцөлд АН-ын талаас өөр коммент байхгүй.