АНУ-ын алдарт тамирчин Л.Вонн Италид осолдож, олимпын сорилтоо дуусгажээ

АНУ-ын алдарт тамирчин Л.Вонн Италид осолдож, олимпын сорилтоо дуусгажээ

Италийн Кортина Ампеццо хотод болсон уулын цанын уралдааны үеэр Америкийн домогт тамирчин Линдси Вонн хүнд осолдож, уралдаанаа дуусгаж чадаагүй.

Осол орон нутгийн цагаар 12:11 цагийн орчимд болж, Л.Вонныг нисдэг тэргээр уулнаас буулган эмнэлгийн тусламж үзүүлжээ. Тэрээр гараанаас гарснаас хойш ердөө 13 секундийн дараа хаалганд цохигдож, агаарт эргэлдэн унаж, уулын энгэрийг даган өнхөрсөн байна. Осолдох үед Л.Вонны зүүн өвдөгний холбоосын урагдалтай, харин баруун өвдөг нь өмнөх гэмтлийн улмаас титанаар бэхлэгдсэн байсан аж.

Тэрбээр баруун хажуугаараа хүчтэй унаж, цана нь солбилцон зогссон байдалтай үлдсэн бөгөөд эмч нар шуурхай хүрч ирэн түүнд анхны тусламж үзүүлсэн байна.

Уралдааныг дээрээс ажиглаж байсан түүний багийн хамтрагч Белла Райт "Энэ спортод бүх зүйл хормын дотор дуусдаг. Линдси Вонн асар хурдтай явж байсан, жижиг алдаа бүхнийг төгсгөл болголоо. Гэхдээ энд дахин ирж, уралдаанд оролцсон нь өөрөө бахархах зүйл" хэмээн хэлжээ.

Ослын мөчид мянга мянган үзэгчтэй уул бүхэлдээ нам гүм болж, уралдааны талбайд "чих дүлийрэм чимээгүй байдал" ноёрхсон тухай Олон улсын цанын холбооны ерөнхийлөгч Йохан Элиаш тэмдэглэсэн байна. Хэдийгээр Линдси Вонн барианд хүрч чадалгүй осолдсон ч мэргэжилтнүүд, багийнхан нь түүний эргэн ирэлтийг "ялагдал бус, тэсвэр тэвчээрийн илэрхийлэл" хэмээн үнэлж байна. Энэхүү осол ЛВВонны 2026 оны Олимпийн мөрөөдөлд ноцтой саад болсон ч түүний зориг, тэмцэгч чанар спортын түүхэнд дахин нэг тод мөр үлдэж байгаа ажээ.