Өмнөд солонгост цэргийн нисдэг тэрэг осолдож, хоёр цэрэг амь үрэгджээ

Өмнөд солонгост цэргийн нисдэг тэрэг осолдож, хоёр цэрэг амь үрэгджээ

Монголчуудын хамгийн ихээр оршин суудаг Өмнөд Солонгосын Гапён мужид өнөөдөр /2026.02.09/  цэргийн нисдэг тэрэг осолдсоны улмаас хоёр цэрэг нас барсан талаар Yonhap агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, Өмнөд солонгосын армийн 15 дугаар нисэх хүчний бүлгийн харьяа AH-1S Cobra загварын нисдэг тэрэг өглөөний 09:45 цагийн орчимд нислэгийн бэлтгэл хийхээр хөөрсөн бөгөөд Сөүл хотоос зүүн хойд зүгт ойролцоогоор 55 км зайд орших Гапён мужийн нутаг дэвсгэрт 11:04 цагт осолдсон байна. 

Нисдэг тэрэгт байсан хоёр ахлах офицерыг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч ослын улмаас авсан хүнд гэмтлээсээ болж нас баржээ. Албаныхны мэдээлснээр, ослын үеэр гал түймэр, дэлбэрэлт гараагүй байна.

Уг нислэг нь багийн гишүүдэд яаралтай буух журмыг танилцуулах зорилготой сургалтын нислэг байсан бөгөөд ослын нарийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж. Армийн зүгээс AH-1S загварын бүх нисдэг тэрэгний нислэгийг түр хугацаагаар зогсоож, ослын шалтгааныг тогтоохоор тусгай мөрдөн шалгах хороо байгуулжээ.  Энэ үеэр Саудын Араб Улсад айлчлал хийж байсан Өмнөд солонгосын Батлан хамгаалахын сайд Ан Гю-бак ослын талаар мэдээлэл авч, холбогдох байгууллагуудад шуурхай арга хэмжээ авах, мөрдөн шалгалтыг нэн даруй эхлүүлэхийг үүрэг болгосон талаар мэдэгджээ. Өмнөд солонгосын эрх баригчид ослын шалтгаан тодорхой болтол дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг онцолж, шалгалтын дүнг олон нийтэд мэдээлэхээ мэдэгджээ. 

Эх сурвалж: Yonhap